Өнгөрсөн 2017 онд Турк улсын эдийн засгийн өсөлт 7,4 хувьд хүрсэн байна. Энэ нь “Их-20”, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын өсөлтийн дундаж үзүүлэлтээс давсан тоо юм.

2017 оны эхний улиралд эдийн засаг 5,4 хувь, 2 дугаар улиралд 5,4 хувь, 3 дугаар улиралд 11,3 хувь, 4 дүгээр улиралд 7,3 хувиар тус тус өссөнөөр уг үзүүлэлтээр Турк улс “Их-20”-ийн орнуудыг тэргүүлж, харин ОЕСD болон ЕХ-ны гишүүн орнуудын дотор 2 дугаарт орсон байна.

Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтээр Ирланд улс /7,8 хувь/ тэргүүлж байгаа бол Турк улс /7,4 хувь/ удаалжээ. Гуравдугаар байранд Румын улс /7 хувь/ орсон байна. Өнгөрсөн онд Нидерландын эдийн засаг 3,1 хувь, Германых 2,2 хувь, Францынх 1,8 хувь, Их Британийн эдийн засаг 1,7 хувиар тус тус өсчээ.

Өнгөрсөн онд Европын орнуудын дотроос хамгийн бага өсөлттэй байсан нь Швейцарь /1 хувь/, Грек /1,4 хувь/ болон Итали /1,5 хувь/ юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг