Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Туркийн анхны атомын цахилгаан станцын /АЦС/ шав тавих ёслолд оролцсон тухай “Анадолу” агентлаг мэдээллээ.

Туркийн өмнөд нутгийн Мерсин мужид барих “Аккую”  АЦС-ын өчигдөр болсон шав тавих ёслолд Р.Т.Эрдоган, В.Путин нар Анкара хот дахь ерөнхийлөгчийн ордноос интернэтээр дүрс бичлэгээр холбогдож, үг хэлсэн байна.

2023 онд ашиглалтад орох энэ АЦС-ыг Оросын төрийн өмчийн цөмийн эрчим хүчний “Росатом” компанийн мэргэжилтнүүд барих аж.

Туркэд өчигдрөөс хоёр хоногийн айлчлал хийж эхэлсэн В.Путин хэлэхдээ “Энэ АЦС нь Туркийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх чухал алхам боллоо” гэсэн бол Р.Т.Эрдоган “Турк улс анхны АЦС-аа Оросын тусламжтайгаар барьж эхэлж байна. Энэ бол манай хоёр орны хувьд түүхэн мөч юм” гэжээ.

Турк улс нь Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн хэдий ч Оросоос “С-400” газар-агаар ангиллын пуужин худалдан авахаар болсон юм. Мөн Турк нь Оросоос байгалийн хий импортолдог билээ.Түүнчлэн тус хоёр улс нь Сирид гал зогсооход зуучийн үүрэг гүйцэтгэхэд хамтран ажиллаж байгаа юм.

Тус хоёр улсын төрийн тэргүүнүүд Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн хамт Сирийн байдлыг тогтвортой болгох арга замуудыг өнөөдөр Анкара хотноо  авч хэлэлцэх ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг