Турк, Сирийн цэргийн хүчнүүд бүрэн хэмжээний тулгаралтад ороход тун ойртож ирлээ гэж Associated Press агентлаг мэдээллээ.

НАТО-гийн гишүүн орнуудаас хамгийн том армитай нь Турк улс юм. Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган дахин нэг Турк цэрэг алагдах эсвэл шархдах юм бол Сирийн бүх нутаг дээр цэрэг байлдааны ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдлээ.

Өмнө нь Сирийн Идлиб мужид тогтоосон гал зогсоох шугамыг зөрчин Сирийн засгийн газрын цэргүүд Туркийн талыг дэмждэг зэвсэглэсэн босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, үүнд нь 5 турк цэрэг амь насаа алдсан явдалд уурсаж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Сири улсад цэргээ буцаан татахыг анхааруулсан юм. Хоёрдугаар сарын сүүл хүртэл хугацаа өгсөн юм. Эрдоган Идлиб хотын ойролцоо асар их цэргийн хүч бөөгнөрүүлж эхэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Идлиб дэх Ал-кайдатай холбоотой зэвсэгт бүлэглэлийг аюулгүй болгох" үүргээ Турк улс биелүүлээгүйгээр барахгүй тэднийг дэмжиж, тэнд буй Сирийн арми, ОХУ-ын цэргийн бааз руу удаа дараа халдлага үйлдэж байсан тул Сирийн арми Идлибд цэргийн ажиллагаа явуулах нь зайлшгүй байсан юм гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын цэрэг, агаарын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад улс орныхоо ихэнх хэсгийг өөрийн хяналтдаа оруулаалаад байгаа бөгөөд одоо Идлиб рүү хяналтаа тогтоохыг хүсэж байгаа юм. Үүнийг нь АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга МаЙк Помпео буруушааж, Лхагва гаригт Анкара руу өөрийн тусгай элчийг яаралтай илгээж, Туркийн талыг дэмжихээ илэрхийлсэн байна.

Хэрэв Сирийн хүчин Идлибийг авах юм бол хил дагуу байгуулсан Туркийн талын хяналттай цэрэггүй бүсэд цааш нэвтэрч болзошгүй гэсэн айдас байгаа юм. Турк улс энэ бүсэд Сирийн дүрвэгсдийг суурьшуулах төлөвлөгөөтэй байгаа ба тус улсад нийт 3.6 сая Сири дүрвэгсэд байрлаад байна.