"Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. 

Шүүгчид Эдуард Сүрэнгийн Ш.Батхүүд зээлүүлсэн 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэрийг гаргаад байгаа юм.

Тус шүүх хурлын асуудлаар өнөөдөр Төрийн банк хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.  

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Төрийн банктай холбогдсон Ш.Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Манай банкны зүгээс тус хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа. Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй. Төрийн банк төлбөрт унаагүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Шударга ёс гэж байдаг бол бид хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн хэллээ.