Бид Улсын бүртгэлийн ерөнхий газар, дүүрэг, хороон дээр очиж лавлагаа, үйлчилгээ авахын тулд банкинд үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх гэж хамгийн багадаа нэг цаг зарцуулдаг байлаа.  Дээр нь 500 төгрөгийн төрийн үйлчилгээ авахын тулд унааны зардал, банкны шимтгэл гээд багагүй зардал гаргана. Төрийн үйлчилгээ хүнд сурталтай гэгдэх гол шалтгаан болж байсан энэхүү үйлчилгээ шийдлээ олжээ. 

Одоогийн байдлаар төрийн 9 байгууллагын 134 үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой болоод байна. Үүний 105 нь улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ юм. Өмнө нь хагас өдрийн ажил болдог байсан төрийн үйлчилгээг өнөөдөр банкинд дугаарлахгүй, замын түгжээнд цаг алдахгүй, хүнд сурталгүйгээр хэдхэн минутын дотор гар утсаараа хэд товших төдийд авч байгаа нь дижитал шилжилтийн нэг хувьсгал юм.

Цагаан сарын өмнөхөн И-баримт апп ашиглан насны хишиг, алдарт эхийн болон жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг и баримтад иргэд бүртгэлтэй дансандаа хүлээн авсан нь бас нэгэн дэвшил байв. Удахгүй 1072 хувьцааны ногдол ашгийг ч энэхүү аргаар иргэдэд тараах ажлыг судалж буй.

Мөн и баримт апп ашиглан эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарын толгойн өвчин болж олон жил яригдаж байсан асуудал. Ийнхүү технологийн шийдэл ашиглаж цэгцэлснээр ард нь өвдөж зовсон хэн ч бай даатгалын хураамжаас болж үйлчилгээ авах боломжоо алдахгүй, банк хайж түүртэхгүй гээд давуу тал олон бий. 

И баримт апп-аар ашиглан авсан төрийн үйлчилгээг энэ оны эхний улирлын байдлын тоон дүнг үзэхэд 34 мянган хүн авч, 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Чамлалтгүй тоо шүү. Хэрэв уламжлалт хэлбэрээр банкаар дамжуулан энэхүү үйлчилгээг авсан бол иргэдээс халааснаас дор хаяж 300 сая төгрөг нэмж гарах нь гарцаагүй. Энэ шийдлийн ард банкуудын хувьд ч хэдхэн төгрөгийн хураамжийн төлөө хүч тарамдахгүй, иргэдийн хувьд чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Том зургаар нь харвал Монголчуудын цахим хэрэглээг харах өнцөг өөрчлөгдөж, нийгмийн сүлжээний хэдхэн сувгаас хальж хэрэглээ талдаа шилжиж буйг энэхүү тоо бэлхэн харуулж байна. Мэдээж үүнд Монгол Улс мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтэд хүрсэн, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давсан нь нөлөөлсөн.  Хүссэн ч эс хүссэн ч бид ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес, худалдаа арилжаанд дижитал үйлчилгээг, мэдээллийн технологийг ашиглах сонирхол эрс нэмэгдэж байна. Хэдхэн жилийн төвөгшөөн хэрэглэж байсан бол өнөөдөр мобайл банкгүй, и баримт апп хэрэглэдэггүй хүн ховор болсон. Технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ.

Иргэдийн хувьд ч и баримт апп зөвхөн и баримт бүртгэдэг бус төрийн үйлчилгээг хүнд сурталгүй авах, татвараа шуурхай төлөх боломж гэдгийг ойлгож эхэлж байна.

Нэгэнт шийдлээ олчихсон энэхүү системд дахиад ч сайжруулж, төгөлдөржүүлэх зүйл бий. Жишээ нь Балтын бар гэгддэг Эстони улс өнөөдрийн байдлаар төрийн 3,000 гаруй үйлчилгээг цахимжуулж, ААН-үүд нь 100 хувь онлайнаар татвараа төлж, замын хураамжийн төлбөрийн 99 хувь нь апп-аар дамжуулан төлж байна. Компани байгуулахын тулд ердөө 5 минутын дотор онлайнаар байгуулчихдаг. Үүний ачаар авлига, хүнд суртал, сүүдрийн эдийн засаг гэдэг зүйлс Эстонид алга болж, хөрөнгө оруулагч нарын итгэн зорьдог газар болжээ. Эрүүл мэндийн даатгалын системийг төгөлдөршүүлж 2008 онд блокчейн технологийг эрүүл мэндийн салбартаа ашигласан улс болсон юм. Ингэснээр тухайн хүн бүрийн эмнэлэгт үзүүлж байсан түүхүүд нэг мэдээллийн баазад хэзээд устгагдахгүйгээр бүртгэгдчихнэ гэсэн үг. Давуу тал нь тухайн хүн үзлэгийн дэвтэрээ үрэгдүүлсэн ч эрүүл мэндийн түүхүүд нь үүрд бичигдсэн учраас эргэн харж, хэзээ ямар эмчилгээ хийгдэж байсан нь гараад ирнэ гэсэн үг. 

Ийм шийдэлтэй болоход боломж тийм ч хол биш. Харин ч и баримтын хөгжүүлэлтээрээ бид дэлхийд толгой цохиж яваа. Үүн дээрээ нэмээд цаашид төрийн үйлчилгээг шууд авах ажлыг ч эрчимжүүлэх боломж харагдаж байна.Тухайлбал бид олон ч жил цахим гарын үсэг гэж ярьлаа шүү дээ. Үр дүнд хараахан хүрээгүй л байна. Магадгүй энэ нь иргэн гэхээсээ илүү ААН-д хамаарагдах асуудал биз. Харин нэгэнт бий болсон и баримт систем хэмээх давуу талаа ашигласнаар зардал багатай, үр ашигтай, ухаалаг төрийг бүтээх юм. Одоо харин улс төржих бус, бүтээснээ унагах биш урагшлахын төлөө технологийн дэвшлийг давуу талаа болгож хөгжүүлэх нь чухал байна.


И баримт ашиглан ЭМД-ын албан журмын даатгалаа төлөх боломжтой 

-Би хувиараа бизнес эрхэлдэг иргэн. Саяхан эмнэлэг дээр тусламж үйлчилгээ авахаар яаралтай очтол ЭМД төлөөгүй гэсэн шалтгаанаар үзүүлж чадаагүй. Энэ тохиолдолд и баримт аппликейшнээ ашиглах боломжтой юу?

-Төрийн үйлчилгээний төлбөрийн нэгдсэн системд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэгдсэн. Энэ тохиолдолд гар утаснаасаа и баримт аппликейшнээр ороод ЭМД-ын төлбөрөө шууд төлөөд эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болсон. Учир нь төлбөр нь банк хооронд бус шууд төрийн сан руу орох учраас төлсөн даруйд системд харагдах юм.

Зөвхөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн төдийгүй, малчин, оюутан, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ч эрүүл мэндийн даатгалын төлбөрөө и баримтаар төлж болно.

Өмнө нь үйлчилж байсан шиг ЭМД төлөхийн тулд заавал банканд мөнгөө тушааж, цаг заваа алдахгүй гэсэн үг. Та мөнгөө тушаахдаа и баримт  аппликейшнийхээ төрийн үйлчилгээ хэсэг рүү орж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн цэсэн дээр дарж харьяалагдах аймаг дүүрэг, сум хороогоо сонгон төлбөрөө хийх юм.  Албан журмын даатгалаар хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, малчин, тодорхойгүй хөдөлмөр эрхэлдэг бол сард 4200 жилд жилд 50400 төгрөгийн төлбөр төлнө. Харин гадаадын иргэн болон Монголд харьяалгүй хүн сард 8400 жилд 100800 төгрөгийн төлбөр төлнө. Нэг ёсондоо банкинд оочирлодог байдлыг энэхүү системээр халсан.


-Иргэд и баримт апп ашиглан хамгийн их авч буй үйлчилгээ?           

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Ингэхдээ хуулиараа 1-6 дугаар сарын хооронд төлдөг. Магадгүй тухайн иргэн төлж амжаагүй бол, чухам хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй бол шийдэл нь Ибаримт аппликейшнд бий. Энэ жилийн эхний улирлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахимаар төлсөн иргэдийн тоо 150 хувиар өссөн. Үүнээс 16 мянга гаруй иргэд и баримт аппликейшн ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна.