УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль болон УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэснээр гишүүдийн олонхын саналаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл яг одоо буюу 18.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдаж эхэллээ.

Ингэснээр УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн батлах юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд тус шинэ хуультай холбоотойгоор огцрох өргөдлөө өгнө гэсэн таамаг байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын санаачлан зохион байгуулсан УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 2 дахь жагсаалын дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах чиглэл өгсөн билээ.

Тус чиглэлийн дагуу байнгын хороо болон чуулганаар яаралтай хэлэлцэж буй юм.