Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод жишгээс доогуур тогтоож болохгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн дээд жишгийг хэрхэн мөрдөх талаар Засгийн газраас тогтоосон эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй.


"Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний доод жишгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд нэмэгдүүлэн тогтоох эрхийг төсвийн ерөнхий менежерүүдэд олгосон. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох" бүрэн эрхийг төсвийн шууд захирагч нарт олгосон юм.

Энэ эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхдээ дараах байдлыг харгалзах хэрэгтэй:


1/ Төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах учир Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасны дагуу байгууллага батлагдсан төсвийн хэмжээнд нийцүүлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн сүлжээг тухайн шатлалын доод жишгээс дээгүүр тогтоож болно. Ингэхдээ албан тушаалын зэрэглэл хоорондын үндсэн цалингийн зохистой харьцааг алдагдуулахгүй байхыг анхаарах шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл, зарим албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг доод жишгээс нэмэгдүүлэн тогтоох биш, сүлжээний доод жишгийг нийтээр нь ахиулах замаар байгууллагын нийт албан хаагчдын үндсэн цалинг зохистой харьцаанд байлгах нь зарчмыг баримталдаг.


2/ Төрийн албан хаагчдийн цалингийн сүлжээ, доод жишиг нь албан тушаалын зэрэглэлд үндэслэсэн бөгөөд шатлалтай учир аль нэг зэрэглэлийн албан тушаалын үндсэн цалин түүний дараагийн зэрэглэлийн албан тушаалынхаас өндөр тогтоогдох тохиолдол байж болно. Гэхдээ ямар ч нөхцөлд тухайн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлал нь түүний дараагийн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлалаас ихгүй байвал зохистой.


3/ Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалинг тогтооход ажилласан жилийг шууд харгалзах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй.Гэхдээ анхлан төрийн албанд орж ажиллаж байгаа албан хаагчийн хувьд цалингийн сүлжээний хамгийн доод шатлалаас эхлэн үндсэн цалинг тогтоох нь зүйтэй. Цаашид тухайн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан шатлал ахиулан тогтоож байхаар Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмуудад тусгасан байна.