Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл дуусчээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, "Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам"-ын дагуу төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг https://exam.csc.gov.mn/ хаягаар цахимаар 2019 оны 10 дугаар сарын 1-30-ны өдрийг дуустал бүртгэсэн..

Бүртгэл дууссан учир Ерөнхий шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. 

Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг нь шууд албан тушаалд томилогдох биш, нөөц бүрдүүлэх шалгалт юм. Ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх зохицуулалттай болсон.

Ерөнхий шалгалт дараах 3 хэсгээс бүрдэнэ.

  1. Монгол Улсын түүх, зан заншил, нийгэм, эдийн засгийн бодлого чиглэлтэй холбоотой асуултууд /үргэлжлэх хугацаа 60 минут/
  2. Монгол бичгийн шалгалт. Үүнд крилл бичиг, үндэсний монгол бичиг орно. /үргэлжлэх хугацаа 30 минут/
  3. Асуудал шийдвэрлэх хүрээнд сэтгэн бодох чадварыг тогтоох шалгалт /үргэлжлэх хугацаа 20 минут/ авна. Гурван хэсгийн шалгалт гурвуулаа босго оноотой. Эхний шатны шалгалтын босго оноог давснаар дараагийн хэсгийн шалгалтдаа орох эрх үүснэ. Оноо нь хүрээгүй иргэд шат шатны шалгалтаас хасагдана.

Өмнө нь хууль эрхзүйн шалгалт авч, тухайн хүний бичиг баримтын бүрдлээр оноо өгдөг байсан. Мөн оролцогчдоос 5 асуултад багтсан ярилцлагын шалгалт авдаг байсан. Энэ удаагийн ерөнхий шалгалтад ярилцлагын шалгалт байхгүй. Дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед ярилцлагын шалгалт оруулна. Өмнө нь шалгалтдаа Монгол Улсын хуулиас дагнан оруулдаг байсан бол энэ удаа Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засгийн бодлого, зорилт, төрийн удирдлагын бодлогуудаас шалгалтын тестед оруулна.

Шалгалтад бэлдэх номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх номын худалдааны төвд худалдаалж буй бөгөөд 21.000 төгрөгийн үнэтэй.