Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 1-30-ныг хүртэлх хугацаанд улс даяар үргэлжилж буй. Улмаар шалгалтыг 11 дүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан "Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд буй Төрийн албаны тухай шинэ хуулиар Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг зүйл рүү шилжсэн. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна. 

Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг нь шууд албан тушаалд томилогдох биш, нөөц бүрдүүлэх шалгалт юм. Ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх зохицуулалттай болсон.

Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 15.000 орчим иргэн, аймаг тус бүрт 1000 орчим иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэх төлөвтэй байна.

Бүртгэлд яагаад ингэж олноор хамрагдах шаардлага үүсэж байна вэ гэхээр, энэ удаагийн шалгалтын онцлог нь тодорхой мэргэжил, ажлын туршлага заагаагүй. Тиймээс шалгалтад оръё гэж хүссэн хүн бүр бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой. Тэнцсэн тохиолдолд дараа нь албан тушаалын шалгалтад орох нөхцөл бүрдэнэ.

Ерөнхий шалгалт дараах 3 хэсгээс бүрдэнэ.

  1. Монгол Улсын түүх, зан заншил, нийгэм, эдийн засгийн бодлого чиглэлтэй холбоотой асуултууд /үргэлжлэх хугацаа 60 минут/
  2. Монгол бичгийн шалгалт. Үүнд крилл бичиг, үндэсний монгол бичиг орно. /үргэлжлэх хугацаа 30 минут/
  3. Асуудал шийдвэрлэх хүрээнд сэтгэн бодох чадварыг тогтоох шалгалт /үргэлжлэх хугацаа 20 минут/ авна. Гурван хэсгийн шалгалт гурвуулаа босго оноотой. Эхний шатны шалгалтын босго оноог давснаар дараагийн хэсгийн шалгалтдаа орох эрх үүснэ. Оноо нь хүрээгүй иргэд шат шатны шалгалтаас хасагдана.

Д.Баатарсайхан

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 900 орчим хүн, бусад аймгуудад харьцангуй цөөн хүн бүртгүүлсэн байна. Иргэд тайван байж байгаад бүртгэлийн сүүлийн өдөр ч юмуу бүртгэл дуусах дөхөөд ирэхээр олноороо бүртгүүлэхээр хандах төлөвтэй байна. Энэ нь сервер дээр ачаалал үүсгэж, бидний ажилд хүндрэл үүсгэж болзошгүй тул эртхэн бүртгүүлэхийг уриалж байна. 

Өмнө нь хууль эрхзүйн шалгалт авч, тухайн хүний бичиг баримтын бүрдлээр оноо өгдөг байсан. Мөн оролцогчдоос 5 асуултад багтсан ярилцлагын шалгалт авдаг байсан. Энэ удаагийн ерөнхий шалгалтад ярилцлагын шалгалт байхгүй. Дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед ярилцлагын шалгалт оруулна. Өмнө нь шалгалтдаа Монгол Улсын хуулиас дагнан оруулдаг байсан бол энэ удаа Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засгийн бодлого, зорилт, төрийн удирдлагын бодлогуудаас шалгалтын тестед оруулна.

Шалгалтад бэлтгэдэг тестийн ном гаргаач гэсэн хүсэлт олон иргэнээс ирдэг. Энэ удаа тестийн ном гаргасан бөгөөд дотор нь жишиг тест оруулсан байгаа. Үүний цаана ямар бодлого баримталсан бэ гэхээр, бид бэлэн тестийг хариутай нь бэлдээд өгчихдөг. Үүнийг цээжилсэн хүмүүс шалгалт өгч, онооны үнэлгээгээр нэгдүгээр байрт ороод албан тушаалд нэр дэвшихээр тодорчихдог. Яг ажил дээр очихоороо гологдоод эхэлдэг. Улмаар Төрийн албаны зөвлөл шүүмжлэлд өртдөг. 

Өөрөөр хэлбэл, та бүхний явуулсан шалгалтаар хамгийн өндөр оноо авсан хүн ажил дээр ирээд ажил хийж чадахгүй байна гэдэг. 

Тиймээс бид 2018 оны тестийн номоос хүчингүй болсон хуулиуд, шаардлага хангахгүй болсон тестүүдийг хассан. Шинээр Монгол Улсын түүх, эдийн засаг, бодлоготой холбоотой жишиг тестеед оруулсан. Тиймээс энэ ном 100 хувь тест биш" хэмээн мэдээллээ.

Мөн Иргэд цахимаар бүртгүүлж, 10.000 төгрөгийн төлбөр төлнө. Төлбөр төлсөн гэсэн хариу бүртгүүлсэн утсанд ирснээр тухайн иргэн шалгалтад бүртгүүлсэн гэж ойлгож болно гэдгийг санууллаа.

Шалгалтад бэлдэх номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх номын худалдааны төвд худалдаалж буй бөгөөд 21.000 төгрөгийн үнэтэй.

Мэдээллийг энд даж дүрс бичлэгээр бүрэн эхээр нь үзнэ үү.

Та Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмыг ЭНД дарж үзнэ үү.