Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, сайн ажилласан төрийн албан хаагчийг урамшуулж, хангалтгүйд нь хариуцлага тооцож байна.

Сахилга, хариуцлагыг улам дээшлүүлэх, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг баталгаажуулах, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлж эхэллээ.

Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон байна. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ.

Энэ бүхэн нь улс, төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэж үздэгээ Монгол Улсын сайд Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.

Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.