ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл  Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцоод иржээ. Энэ үеэр Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал, академич  Е.Б.Сыдыков Монгол улсын эрдэмтдийн багийг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралд оролцуулж хүлээн авчээ. Мөн  тус хурлын шийдвэрийн дагуу ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд  хүндэт профессор цол олгосон байна.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Н.А.Назарбаевын  их сургуулийн  оюутнуудад сонирхолтой сэдвээр лекц уншлаа.

Түүний оролцсон уг форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO)  гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Энэ удаа Азербайжан, Герман, Киргизстан, ОХУ, Тажикстан, Турк зэрэг  улсаас  250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцжээ.

Хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд  Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт  Олон улсын Түрэг академи, Монгол улсын  ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд нар гарын үсэг зурлаа.

Энэхүү шинэ Холбоо нь алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой  хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд  зохион байгуулах зэрэг үүрэгтэй аж.  Үүнээс гадна  «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал»  сэтгүүлийг,  мэдээлэл  солилцооны интернэт порталыг   тогтмол нээн ажиллуулах зорилготой юм байна.


Эх сурвалж: Шинжлэх ухааны академи