Өнгөрөгч 07 дугаар сард Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байгаад хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан юм. 

Нийслэлийн орон сууцны корпорацаас 580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд 35 гаруй мянган иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 580 иргэн тэнцэж, цаасаар материалаа өгчээ. Үүнээс одоогийн байдлаар 130 иргэн хугацаандаа материалаа өгөөгүй, цахимаар бүртгэлийн баримтаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хасагджээ. 

Иймээс “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

2018 оны байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш нийт 700 гаруй иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн аж.

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд цахим бүртгэл учир дутагдалтай, шударга явагдсан эсэхэд эргэлзсэн, бөглөж байгаа асуумж нь тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжгүй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот хангалтгүй, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн эрэмбэлсэн нь тодорхойгүй байсан талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм.

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм хариулахдаа, “Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн анх удаа явуулсан. Ялангуяа цахим бүртгэлийн асуумж дээр голлон дүгнэлт хийж байна. Цаашид илүү сайжруулна. Харьцангуй хүндрэл, чирэгдэл багатай болсон гэж үзэж байгаа. Засаж, сайжруулах ялангуяа зорилтот бүлгийн ангилал дээр анхаарах зүйлс бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ жил 5 хувийн квот байгаа. Дараа дараагийн орон сууцанд нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. 

Харин цахим бүртгэлийн явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн хариулт өгсөн юм. Тэрбээр,

“Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн Засаг даргад манай байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тодорхой ажлууд эхэлсэн. Ялангуяа түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн иргэдийг цахимаар бүртгэх, эрэмбэлэх ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Өмнө нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох шалгалтуудыг хийж, албан тушаалтантай холбоотой асуудал тогтоогдоогүй учраас харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эдгээр нь иргэд албан тушаалтны нэрийг барьж, залилсан үйлдлүүд байсан. Цаашид ийм асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх бодитой ажлууд хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн ил тод, нээлттэй байдлыг хангаж, аль болох хүний оролцоог багасгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зохих түвшинд программ хангамжийг сайжруулах, асуумж дээр байгаа “бусад” гэдэг хувилбарыг хасаж, илүү нарийвчилсан асуултуудыг оруулахыг зөвлөж байгаа” гэв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмнөх “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжийн талаар болон түрээсийн орон сууцны чанар стандартыг асуудал байлаа. Улсын комисс барилгыг хүлээж авахдаа хариуцлагатай хандаж, стандартын шаардлагыг нарийн шалгах хэрэгтэйг албаны хүмүүс хэлсэн. Харин түрээсийн орон сууцаа худалдаж авах гэрээг нэг ч иргэн хийгээгүй байна. Түрээсийн гэрээнээс дамжуулаад худалдаж авах гэрээнд шилжсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд төлбөрөө хэрхэн төлөх асуудал яригдаж эхэлнэ гэдгийг “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэллээ. 

Иргэдийн зүгээс цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байсан юм. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. 

Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг (“Солонго 1, 2” хороолол), Найрамдлын зам (“Баянголын ам” төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ. Орон сууц барих асуудалд хамгийн их хүндрэл үүсгэдэг нь газар. Тухайлбал, Ногоон нуурт түрээсийн орон сууц барих 5 га газрыг чөлөөлсөн ч газраа чөлөөлөхгүй, дуртай үнэ хэлээд суудаг гурван айлаас болж барилгын ажил саатах эрсдэлтэй байгаа. Төрөөс асар их мөнгө зарцуулж барилга барьдаг. Дийлэнх зардал нь газар чөлөөлөхөд зарцуулагдаж байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлэв. 

Цаашид ипотекийн зээл, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бодлогын түвшинд зохицуулж, Орон сууцны тухай хуулийг шинэчлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлагатайг ч албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.  “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ. УИХ-аас түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.