НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Тус хуралдаанаар Буянт Ухаа-2 хороололд байрлах түрээсийн 972 айлын орон сууцыг иргэдэд хэрхэн түрээслэх талаарх журмыг хэлэлцэж байна.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг 7 дугаар сарын 22-нд албан ёсоор эхлүүлнэ. Тус 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээс хэлбэрээр буюу худалдан борлуулахгүй түрээслүүлнэ. 

Мөн 30 хувийг нь 5 жил түрээслэж байгаад өмчлөх хэлбэр рүү оруулна. Үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барихад зориулагдсан газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслүүлнэ гэдэг журмыг боловсруулсан. 

Түрээслээд өмчлөх хэлбэр дээр өрхүүдийн нэг сард төлөх төлбөрийг 1.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолсон. Үүнд сард 600.000-1.000.000 төгрөг төлдөг тогтолцоо руу шилжүүлэхээр журман тусгасан гэдгийг "Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тус журмыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн тохиолдолд батлах юм.