Тураг гогой буюу Хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ӨГИЙ нуур сумын нутгийн удирдлага, байгаль хамгаалагч нарт сануулах үүднээс пост бичсэнийг мань буруу ташаа ойлгох, эмзэглэж хүлээж авах хүмүүс байна. Миний бие шувуу алж устгах донтой, экосистемд заналхийлэгч, хоосон цуу тараагч, террорист нэгэн биш бөгөөд хар галууны тухай  багагүй зүйл уншиж судаллаа.  Энэ гамшиг ганц ӨГИЙ нуурт тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл зөндөө байна. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас  дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ аваачээ гэж орон нутгий удирдлага, байгаль хамгаалагч нарт хандаж байгаа юм.

Царцаа, оготнын нүүдэл хэт ихсэхээр байгаль орчныг хувхайруулан цөлмөн сүйтгэдэг шиг экосистемийн гамшиг болох вий санаа зовнисон бөлгөө. Энд заавал тооцоо судалгаа гэлгүйгээр нүднээ илт  хэт олширсон байгааг хэн хүнгүй харж мэдэж байгаа тул эрх бүхий хүмүүс нь  байгаль орчны яаманд хүсэлт гаргана хэмээн найдаж байна. Нутгийн иргэд, жуулчны баазууд, сайхан сэтгэлт хүмүүс туслаж дэмжихийг уриалж байна.

Гадаадын улс орнууд тоо толгой нь хэтэрвэл устгах арга хэмжээ яаралтай авдаг, ер нь дургүй талдаа юм. Гол аюул нь үржих чадвар сайтай, ховдог, загасыг том жижиг гэлтгүй барьдаг, чонын араншинтай, усанд гүн шумбадаг, бусад шувуудын орон зайг шахдаг зэргээр "Нисдэг харх" гэж хэлж болохоор хөнөөлтэй шувуу юм. Нэг загастай нуурыг цөлмөөд дараагийнх руу нүүдэл хийдэг, бөөнөөр нь нэг дор цөлмөдөг  террорист маягийн шувуу ч гэж хэлж болохоор байна. "Тул хамгаалах сан"-ийн тэргүүн доктор Н.Дашзэвгэ гуай ӨГИЙ нуурт хар галуу гамшиг болсон талаар мэдээлэл хийж, БОЯ -нд хандан уриалга гаргасан байна. 

Хэл устай хүмүүс гадаадын сайт ухвал Тураг гогойн талаар мэдээлэл маш их байдаг гэнэ. Дашрамд Хар галууны мах нь элэг, зүрх, уушги дотор эрхтэнд сайнаас гадна, мах нь кальцаар баялаг тул хүний биед маш сайн гэсэн мэдээлэл олж уншлаа. Шарж идэхэд мах нь амттай гэнэ. Нуур минь амгалан байг! Төрж өссөн төрөлх нуурандаа санаа зовсон хүний үг билээ.