Английн Бирмингэмийн Төмөр замын буудал нь Христийн мэндэлсний баярын өмнөх орой хоолны танхим болж өөрчлөгдсөн бөгөөд орон гэргүй 200 хүнийг оройн хоолоор дайлжээ.

Бирмингхэмийн төмөр замын буудал дээр чөлөөт үдэшлэг зохион байгуулж, зогсоолын завгүй хэсэгт зассан дугуй ширээнд, гурван курс хоолоор зочдыг хоолложээ. Уг үдэшлэгт сүмийн дуучид ирж ая дуугаа өргөн, Санта айлчлан ирсэн байна. Арга хэмжээг “Sikh” групп болон “Midlands Langar Seva” нийгэмлэг хамтран зохион байгуулж, Төмөр замын нэгдсэн сүлжээ тус арга хэмжээг дэмжин ажиллажээ.

Уг орой орон гэргүйчүүдийг хоолоор дайлахаас гадна Христийн мэндэлсний баяраар ганцаардлыг мэдрүүлэхгүй, хамтдаа халуун дулаан уур амьсгал дүүрэн өнгөрүүлэхэд нь сайн дурынхан нэгдэн тэдэнд үйлчилсэн байна.

Энэ талаар Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Рандир Сингх "Манай нийгэмлэг зөвхөн Бирмингхэмд ч биш Их Британи даяар долоо хоногийн турш ажиллана. Бидний гол зорилго бол ядуус, орон гэргүйчүүдэд үйлчилж, халуун дулаан хоолоор дайлан, дулаахан малгай, хувцас өгөхөөс гадна хамгийн гол нь тэдэнд амьдрах итгэл найдвар өгөх явдал юм” хэмээн сэтгэл догдлон хэлжээ.

"Христийн мэндэлсний баяраас долоо хоногийн өмнө жил бүр Христийн мэндэлсний баярын бэлэг, мэндчилгээг түгээдэг. Энэ баяраар олон хүн гэр бүлээ санагалзаж эхэлдэг ба сэтгэлийн хямралд ордгоос гадна амиа хорлолт нь маш өндөр түвшинд хүрдэг. Тийм ч учраас энэ өдрийг тэдгээр ганцаардсан, орон гэргүй хүмүүст хандуулан, нэг ч гэсэн оройг баярын ширээнд хамтдаа өнгөрүүлэх боломжыг олгож байна” хэмээн Төмөр Замын удирдлага хэлсэн байна.