“Энэтхэгийн төмөр зам” төрийн өмчит компанийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн гурван өдрийн өлсгөлөн зарлаж, ажил хаяхыг тус улсын төмөр замын ажилтнуудын холбоо уриалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

"Энэтхэгийн төмөр замын бүх ажилтны холбоо" үйлдвэрчний эвлэл нь төмөр замын ажилтнуудын цалинг нэмэхийг шаардаж байгаагийн зэрэгцээ тус компанийг хувьчлахыг оролдож байгааг эсэргүүцэж байна.

Өнөөдөр тус эвлэлээс гаргасан мэдэгдэлд “Бидний шаардлагыг авч хэлэлцэхийг Энэтхэгийн засгийн газраас удаа дараалан хүссэн боловч ямар ч ахиц дэвшил гарахгүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн гурван өдрийн ажил хаялт зарлахыг Энэтхэгийн төмөр замын бүх ажилтанд уриалж байна” гэжээ.

“Энэтхэгийн төмөр зам” компани нь дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээнүүдийн нэг билээ. Тус компани өдөрт 9000 орчим галт тэргээр 23 сая орчим зорчигч тээвэрлэдэг байна.

Өөрийн харьяаны сургууль, эмнэлэг, цагдаагийн газар болон барилгын компаниудтай тус байгууллага нь 1.3 сая хүнийг цалинжуулдаг ажээ. Тус компани нь дэлхийн долоо дахь том ажил олгогч гэнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг