Цагаан хад, Ганц модны боомтод баригдах ёстой байсан ч шороон овоолго болж үлдсэн гэгдээд буй алдарт 280 сая.ам.долларын хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдэгдсэн. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдууллаа. Ингээд зогсохгүй түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Хэргийг эргэн сөхвөл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар зарцуулсан. Гэвч төмөр замын суурь шороог өндөрлөснөөс өөр ажил хийгээгүй юм. Иймд төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” (МТЗ) компани дээрх хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн гүйцэтгэгч компанийг шүүхэд өгсөн түүхтэй. 

Харин энэ их мөнгөөр өчүүхэн ч ажил хийгдсэнгүй.Олон жил он дамжин яригдсаны эцэст ийнхүү Монгол улсыг 280 сая доллараар хохироосон иргэд ямар ч ял зэмгүйгээр 40 сая төгрөгөөр торгуулах төдий л өнгөрч байгаа нь нийгмийн сүлжээнд ярианы сэдэв болоод байна. Хамгийн гол нь, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр тэргүүн эгнээнд холбогддог. Гэвч тухайн үед мөнгө угаасан хэрэгт холбогдсон хүмүүс нэг нэгээрээ цагаадсан. Эхлээд Х.Баттулга цагаадсан. Дараа нь А.Гансүх мөн далан босгох үед ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нар цагаадсан түүхтэй. Харин А.Гансүх эдүгээ Х.Баттулгын дэргэд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж яваа билээ. 

Энэхүү хэрэг дээр иргэд нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал "280 сая доллар хулгайлбал 40 сая төгрөгөөр торгуулна. 280 мянган төгрөг хулгайлбал 40 хоног баривчлагдана. Шударга ёс хаана байна", 280 сая доллар байхгүй, төмөр зам байхгүй, авсан хүн байхгүй, шүүхийн "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэсэн дүгнэлт, аймшигтай буруу  жишгийн загалмайлсан эцэг Женко гэх хүн нь төрийн тэргүүн болчихсон, Монголд хуулийн биш хулгайчдын засаглал ирсэн нь тодорхой байна удахгүй ЖДҮ цайрна зэргээр бичжээ.

Төмөр замын 280 сая долларын хэргийн шүүхийн шийдвэр дээр хэн юу хэлэв