Эх орноо зорьж тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэн COVID-19 вирусийн халдвартай болох нь шинжилгээгээр гарч албан ёсоор батлагдлаа. Мэдээ гарахтай зэрэгцэн нийгмийн сүлжээгээр тэднийг үзэн ядсан үг хэллэгтэй сэтгэгдлүүд хөврөх нь тэр. “Тэр гурав халдвартай гэдгээ мэдсээр байж нууж ирсэн, нийгэм даяар айдас түгшүүр авчирлаа, тэднийг онгоцноос чирж буулгах байсан юм, хямдралын бараа л түүж яваад халдвар аваа биз” гэсэн хүнээ байсан үгсийг ч хайр гамгүй бичжээ.

Сэтгэл хөдлөлд автаж хатуу үгээр тэднийг ташуурдаж буй энэ үед хэлэх хэдэн үг байна. Эдгээр хүний аль нэг нь таны ээж, эгч, хамаатан садан чинь биш байж болох ч хүний ёсоор ойлгох гээд үзээрэй. Хүний газар хоол, буудлын мөнгөгүй болчихсон хүмүүс ч тэдний дунд байсныг албаны хүмүүс ч дурдаж байна лээ. Монгол хүн бүр эх орондоо ирж, эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй. Өвдсөн ч, гэмт хэрэгт холбогдсон ч иргэний хувьд авч үзэх төрийн үүрэг гэж бий. Энэ зарчмаар Засгийн газар, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ авч ирсэн билээ.

Авч ирээд гэр гэрт нь шууд хариулчихаагүй. Анхнаасаа зохион байгуулалттайгаар вакуум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан. Ачаа тээшийг нь ЗӨСҮТ ариутгаад 14 хоногийн дараа өгөх үүрэгтэй. 

Онгоцоор дүүрэн хүмүүс халдвар авчихсан мэт ойлгоод яваа хүмүүст ЭМЯ-аас тусгайлан арга хэмжээ авсныг дуулгасан. Тухайлбал тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс бүгд нислэгийн турш амны хаалт зүүсэн, эрсдлийг тооцож нислэгийн үеэр хоол хүнс өгөөгүй, хоорондоо ярилцахыг хориглосон байна. Онгоцонд МХЕГ-ын ажиглагч нар байсан учраас зовууртай хүмүүс болон эрсдэл бүхий орноос ирсэн иргэдийг ХӨСҮТ болон ГССҮТ-д тусгаарласан гэв.


Эдгээр  тусгаарлагдсан иргэдээс өчигдөр БНСУ-аас ирсэн хоёр иргэн, Германаас ирсэн нэг иргэнээс  #COVID19 халдвар илэрсэн. Францаар дамжин ирсэн эмэгтэй биеийн байдал хүндэвтэр байгаа аж. 

Өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар тэдгээр иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг дотоодын цэрэг, тагнуул, цагдаагийн байгууллагыг дайчлан олж шинжилгээнд хамруулж эхэлсэн гэдгээ ч хэлсэн. 

Коронавирусээр халдварласан гэдгээ мэдэж шинжилгээний хариугаа сонссон хүмүүс сэтгэл зүйн хувьд хүндхэн байгаа нь тодорхой. Эх орон хүлээж аваад элгэндээ тэвэртэл халдвар илэрчихлээ гэж. Унасан дээр нь дэвсэхгүйн тулд ядаж сэтгэл зүйгээр нь дарамтад оруулах сэтгэгдлээр балбахгүй байх нь хүний ёс юм.  Бусдыг үзэн ядах, гадуурхах сэтгэлгээ нь коронавирусирийг улам түгээх аюултай гэсэн судалгаа ч гарчихсан. Учир нь нийгмийн дайрлагад өртөхөөс айсан хүмүүс яаралтай эмнэлэгт хандахаас эмээдэг аж.


Угаасаа халдварын тохиолдол зөөвөрлөгдөж орж ирнэ гэдэг тэр чигээрээ вирустчихнэ гэсэн үг биш гэдгийг Франц иргэний жишээ дээр бид харсан. “Анх-Отгон” хэмээн монголчуудад нэрлэгдсэн түүний биеийн байдал сайжирч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү дурдана лээ. Мэдээж сэтгэл санааны байдал ч үүнд нөлөөлсөн гэдгийг онцолсон.


Коронавирус өвчний анхны голомт БНХАУ-тай хил залгаа учраас хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд манай улс багтаж байсан.  Тиймдээ ч бид улсаараа хичээсэн нь үнэн. Нэг зорилгын төлөө ухамсартайгаар нэгдэж амны хаалтаа зүүж, цагаан сараар ч гэр гэртээ ажин түжин сууцгаасан. Сүржигнэлээ, эдийн засгаа хорлолоо гэж шүүмжлүүлсэн ч хөл хорио тавьж, сургууль цэцэрлэгийг түр завсарласан. Үүнийхээ ч ачаар өнөөдөр улс орон дотроо аюулт өвчин халдварлагдаагүй цөөн улсын нэг Монгол хэмээн эрүүл мэндийн экспертүүд үнэлж, сайшааж байна.  Хэдийгээр COVID 19 бүртгэгдсэн ч тохиолдол нь зөвхөн зөөвөрлөгдөж ирсэн гэдгийг ДЭМБ онцолж, Монголын засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг ч магтаж.

Харин эрүүл мэндийн боловсролтой, өндөр наслалтаараа дэлхийд тэргүүлдэг европын улсууд амны хаалт зүүх зөвлөгөөг үл ойшоож, хөл хорионы үеэр гадаад руу аялж, ази иргэдийн вирус хэмээн гадуурхаж байв. Өвчин хэнийг ч ялгахгүй, өнөөдөр тэд үүнийхээ горыг амсаж байгаа гэвэл хатуудсан болохгүй.  Өнөөдөр Италид гэхэд эрүүл мэндийн систем нь ачааллаа дийлэхээ больж өндөр настнуудыг хөсөр хаяж, залуучуудаа л эдгээхээр ажиллахаа зарлав. Өчигдөр нас барсан хүний тоо гэхэд 315, халдвартай хүний тоо 24 мянгад хүрлээ. Европын холбооны дүрмээрээ гишүүн орнуудаасаа тусламж хүссэн ч аль ч улс гар сунгасангүй. Германчууд бүр эм эмнэлэгийн хэрэгсэл хилээр гаргахыг хатуу хориглочихож.  Испани, Франц, Швейцарьт ч байдал хүндэрсээр байна. Хямсгар, цэвэрч Германчууд ч гэсэн коронавируст дарлуулаад эхэлжээ. Шуудхан хэлэхэд тэд хэт хайнга, хэнэггүй байдлаасаа болоод аюулт өвчнийг боломжит хяналтаасаа алдахад хүрсэн гэдгийг гадны хэвлэлүүд онцолж байна. 


Тэгвэл Монголчууд бид өөр зуураа нэгнээ “доош хийдэг” ч цаг тулахаар асуудалд ухамсартай ханддаг, асуудалд уламжлалт биш ухаалаг сэтгэлгээгээр хандаж чаддаг гэдгээ энэ удаа харуулж байна. Одоо нэгэнт тулсан аюулт өвчнийг сэтгэл зүйн хувьд даваад гарвал бидэнд ч туршлага болж үлдэх болов уу. 

Иймээс доорх зөвлөгөөг дахин уншиж дор бүрнээ хичээхийг уриалж байна.

  • Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх,

  • Боломжтой бол гэрээсээ ажиллах,

  • Зайлшгүй шаардлагатай биш бол хүмүүстэй уулзахгүй байх,

  • Ресторан, баар зэрэг нийтийн үйлчилгээний газруудад хооллохоос татгалзах,

  • 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байх,

  • Иргэдийн дунд халдвар өргөн хүрээнд тархаж буй шинж тэмдэг, нотолгоо бий болсон нөхцөлд бүх мужийн захирагч нарт сургуулиудын үйл ажиллагааг хаах эрхийг олгосон байна.