Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөгт хүрэв. Түүхэн дээд үзүүлэлт энэ болж байна. 30 жил унтаа, уйтгартай байсан зах зээл сэрж, сэргэж эхэллээ. Хүмүүсийн анхааралд эргэн орж, нөхцөл байдал цоо шинээр өөрчлөгдөж байна. 

Монголын хөрөнгийн биржийн энэ оны онцлох үйл явдал дээрх үнэлгээ болж байна. Хөрөнгийн зах зээлийг бухаар төсөөлдөг. Тэгвэл үхэр жил эхэлсэн сүүлийн хоёр сарын хугацаанд хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайллаа. Үр дүн нь олон хүнд мэдрэгдэж, зах зээлд дахин шинээр итгэх, бүр дурлахад хүргэж байна. Биржийн өдөр болгоны арилжаа ийнхүү анхаарал татахад хамгийн их нөлөөлсөн нь "Ард санхүүгийн нэгдэл" . 

Тус компанийн нэгж хувьцааны ханш 10 мянга давлаа. Өдөр болгон өсөлт үйлдвэрлэж, хувьцаагаа эрт зарсан эсвэл хямд байхад нь авч чадаагүй олон хүний харамсах шалтгаан энэ боллоо. "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцааны өсөлт ийнхүү дотоодын биржийг донсолгож байх хооронд Ард Койн банк санхүүгийн зах зээлийг гайхшруулж орхив.  

Хүмүүс үл итгэж байсан бол одоо яаж Койн авах талаар асууж байна. Ийм зүйл болно гэж бодсонгүй хэмээн ярьж байна. Ард Койны үнэлгээ тогтмол өсөж, 300 төгрөгт хүрч, үүнээс улам хол давлаа. Зогсох цэг нь энэ биш аж. 400 төгрөгт тэмүүлж эхэллээ. Эдгээр өсөлтийг ажиглах зах зээлийн шинжээчид тодорхой тайлбар хэлж чадахгүй болтлоо гайхаж, итгэж ядан байна. Зарим нь ууртай байна. Ард Койны өсөлт "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцааны үнэлгээнд ч нөлөөлж, нэг нэгнээ энэхүү өсөлт дэмжиж байна. Зах зээлийг бужигнуулж, хүмүүсийн богино хугацаанд ашиг хийх эсвэл хөрөнгөө өсгөх хүслийг энэ үйл явдал улам дэврээж, өдөөж байна. 

Хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл Ард Койн болж хувирлаа. Банкны хугацаагүй хадгаламжаас суларсан мөнгө хөрөнгийн зах зээлийн хаалгыг тогшиж буй. Банкны тухай хуулийн өөрчлөлт олны мөнгөө үржүүлэх, өсгөх сонирхлыг хөрөнгийн зах зээл рүү татан авчирлаа. 

Мөнгө унтдаггүй зах зээл хүчээ авах дохио энэ болж байна. Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "Хөрөнгийн зах зээлийн энэ оны төлөв байдлыг ихээхэн өөдрөг харж байгаа. Банкны тухай хуулийн өөрчлөлт болон гадаад зах зээлийн орчин нөхцөл ийм дүгнэлт хийхэд хүргэж байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Технологийн хувьсгал бүхнийг орвонгоор нь өөрчилж байгаа. Хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл энэ дунд бойжиж, уламжлалт ойлголт мөн адил шинээр солигдож эхэлсэн. Боломжгүй бүхэн боломжтой болж, технологи энэ болгоны гол дүр нь болж байна. Техник технологийн ололтыг нэвтрүүлж чадсан  түргэн шуурхай үйлчилгээний үнэлэмж өсөж, өгөөж нь нэмэгдэж байна. Үүний нэгэн адил дотоодын бирж дээрх компаниудын хувьцааны ханш хүртэл "солиотой" гэмээр өөрчлөгдөх болов.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг компанийнхаа одоогийн тэлэлт, хувьцааны ханш, үнэлгээнд тийм ч ханасан шинжтэй харагдахгүй байна. Үүнээс илүү байх боломжтой гэдэгт тэр итгэж байгаа аж. "Манай компанийн үнэлгээ хэтэрхий доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас нь уншлаа. "Ард санхүүгийн нэгдэл"-ийн багц дотор 21 компани бий. Энэ компаниудын өсөлт ч алмайруулж орхилоо. Хөрөнгийн зах дээр урьд хожид үзэгдээгүй олон хүн манай хувьцааг сонирхож байгаа хэмээн Ч.Ганхуяг ярьжээ. 

Хөрөнгө оруулагч үндэстэн бий болгох нь түүний амбиц, хүсэл нь. Тэгвэл Ард Койн болон "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа энэ боломжийг олгоно гэдэгт тэр итгэж буй. Тийм учраас санхүүгийн зах зээлд хэд хэдэн компани оруулж ирсэн , тэд хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж байна. Мөс хагалж байна.  Дэлхий даяар цахим түйвээлт хүч түрэн явагдаж байгаа. Үүний нөлөө Монголын санхүүгийн зах зээлд ажиглагдаж эхэлсэн. Ард Койны үнэлгээ хагас тэрбум ам.доллар давж, өнөөдрийн байдлаар 450 мянган хүн Ардын харилцагч болжээ. Авдар гэсэн аян тус компани өрнүүлж, Койноо зарах бус хадгал, хүлээ гэж уриалж байна.  

Санхүүгийн зах зээлд Ч.Ганхуяг санаанд оромгүй түйвээлт авчирлаа. "Ард санхүүгийн нэгдэл"-ийн үнэлгээ 300 тэрбум төгрөгийн босгыг бирж дээр давж, 100 сая ам.долларын үнэтэй компани боллоо. Тус компани 20 мянган хувьцаа эзэмшигчтэй, хувийн хэвшлийн анхны компани болж байна. Тэдний гэнэтийн бэлэг ч үргэлжилсээр. Санхүү, хөрөнгийн зах зээлд шуугиан тарих "Ард санхүүгийн нэгдэл"-ийн өсөлтийг ажиглах эсвэл үүний нэг хэсэг байх нь хувь хүний сонголт. 

Хөрөнгийн зах зээлд өсөлт, уналт үргэлжилж байдаг. Эрсдэл, өгөөж мөн адил нэг дор байгааг бүү март. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо анхааруулж байгаа. Хөрөнгийн зах зээл амархан мөнгөө өсгөх талбар гэвэл эндүүрэл. Тиймээс эрсдэлээ та үргэлж бодох ёстой. Эцэст нь, мэдрэмжээ дага.