Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулгыг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

Өнгөрсөн 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 877 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 502 мянга 400 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Импортоор 93 мянга 700 гаруй тээврийн хэрэгсэл гаалиар орж ирсэн бол бүртгэлээс 27 мянга 600 тээврийн хэрэгсэл хасагджээ.

Түгжрэлийн нэг гол шалтгаан сургуулийн сурагчдыг тээвэрлэх асуудлаас үүдэлтэй. Нийслэлийн 245 сургуульд 264 мянга 240 сурагч суралцаж байна. Жил бүр 3 сургуульд автобус шийдэж өгч байгаа. 

Нийслэлийн 7 дүүргийн 52 сургууль 130 хүүхдийн автобустайгаас 6784 суралцагчийг зөвшөөрөлтэй 34 аж ахуй нэгжийн 79 автобус тээвэрлэж байгаа юм. Гэвч Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлаж байгаа ихэнх сургууль зориулалтын автобусгүй. Хувийн тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөдөг эцэг эхчүүд их байгаа юм. Их тойруу орчимд байгаа 16 сургуульд 1-5 дугаар ангийн 9597 хүүхдийг хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг байна. 

Мөн E-Police зөрчил мэдээллийн апплекэйшн гаргасан. Иргэдийн идэвх оролцоо өндөр байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчил бүртгэх ажиллагаа явагдсан. Үүнээс хойш 12 мянган иргэн гар утсандаа суулгасан. Ирсэн мэдээллийн 1800 зөрчилд хариуцлага тооцон, шийтгэврийн хуудас илгээсэн байна.

Энэ мэтчилэн замын хөдөлгөөнд саад учруулах, түгжрэл нэмэгдүүлэх олон шалтгаан бий. Замын түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгаа гэдгээ Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс