“Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ-ын гишүүн, “Медипас” эмнэлгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эмч Т.Цэрэнтогтох дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд анхаарах чухал зөвлөгөөг өгч байна.


Өглөөд хүйтэн бүлээн ус бүү уу

Өглөөний цагаар хүйтэн болон хүйтэн бүлээн ус хэзээ ч ууж болохгүй. Энэ нь монголчууд бидний хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Монголчуудын хүнсний гол хэрэглээ бол мах байдаг. Ходоод хэр тамиртай байна тэр чинээгээрээ махыг сайн шингээдэг. Хэрэв өглөө хүйтэн ус уугаад байвал ходоодны гал буурдаг. Гэтэл эсрэгээрээ Япончууд хүнсэндээ ногоо голдуу хэрэглэдэг учраас өглөөдөө хүйтэн ус уух нь бие махбодид нь тохирдог.

Ус уухдаа уурыг нь дарсан халуун бүлээн ус ууна. Сүүлийн үед усыг хэт их ууснаас болж ходоодны үйл ажиллагаа хямарч, хоол шингэц муудсан хүмүүс цөөнгүй ирэх болсон.


Халуун ногооноос татгалз

Сүүлийн үед халуун ногоо идсэнээр вирусээс сэргийлнэ гэсэн ойлголт тархаад байна. Энэ бол маш буруу ойлголт гэдгийг анхааруулъя. Халуун ногоо нь сэрүүн чанартай. Иймээс дулаан уур амьсгалтай орны хүмүүс дотоод халуунаа гадагшлуулж, сэрүүцэхийн тулд халуун ногоог хүнсэндээ хэрэглэдэг.  Харин Монголчуудын хувьд таарахгүй. Учир нь бид сэрүүн газар амьдардаг учраас халуун чанартай хүнс хэрэглэх ёстой. 

Манайхан халуун ногоо идээд хөлрөхөөрөө бие тавирч байна гэж ойлгодог.  Энэ нь цаагуураа биеийнхээ илчийг алдаж байна гэсэн үг. Иймээс халуун ногоог өвөл, хаврын цагт бүү хэрэглээрэй. 


Кимчинээс татгалз

Кимчи бол мөн л сэрүүн чанартай хоол тул монголчуудад зохимжтой хоол биш. Бид кимчиг идэх эсэх дээрээ анхаарч үзэх цаг нь болсон. Учир нь кимчи гэдэг халуун ногоо, байцааны орцтой. Солонгосчууд ходоодны хавдараар дэлхийд нэгдүгээрт ордог, хеликобактерийн халдвар өндөртэй, элэг, цөсний замаар хавдраар дэлхийд тэргүүлдэг нь энэхүү хүнстэй холбоотой. 

Гэтэл бид Солонгосоос хоолны соёл сураад байна. Иймээс бид энэ тал дээр нухацтай хандаж, үр хүүхдэдээ хоолны тал дээр зөвийг дадуулж үлгэрлэх ёстой.  


Юу идэхээ бус яаж идэхээ чухалчил

Юу идэхээ бус яаж идэхээ чухалчлахын үндэс нь зажлалт юм. Ялангуяа махыг маш сайн зажилж идэх ёстой. зажилж дадах нь чухал байна. Зажлалтын нөлөөгөөр шүлсний булчирхай ажилладаг, эргээд төв мэдрэлийн системд ямар хоол идэж байгаа нь хүрч, амтлах зэрэг мэдрэмжүүд үүсдэг. Ингэж ходоод боловсруулахдаа бэлддэг гэсэн үг. 

Гэтэл бид хоол идэхдээ утсаар ярьж, утсаа харж, зураг үзэж, хоорондоо сөрөг зүйлс ярьдаг нь дархлааг цаагуураа унагааж байдаг гэдгийг мэдэх ёстой.