УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ. 

Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн. 2000 онд  МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд орлогч даргын албыг хашсан мэргэжлийн хүн нэр дэвшсэнийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, үнэт цаасны зах зээлд ахиц дэвшил гаргах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж ажиллахыг захив. 

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс