Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэх хэргээр иргэн Ц.Уянгад хэрэг үүсгээд байгаа юм. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр цахим хаягтаа хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нь ийнхүү хэрэг үүсгэгдэх шалтгаан болсон аж. Түүнийг энэ сарын 2-ны 22 цагийн үед “ТЕГ-аас гаргасан гомдлын дагуу явж байна. Танай цонх гэрэлтэй байна. Гарч ирж байцаалт өг” гэж залгасан байна.

Уг асуудал Монголд хүрэлцэн ирээд байгаа НҮБ-ийн Хүний эрхийн Тусгай илтгэгчийн анхааралд өртсөн бөгөөд түүнийг албан ёсоор хамгаалалтад авахаар болжээ. Энэ талаар Ц.Уянгатай уулзаж ярилцлаа.


-ТЕГ-ын ажилтан гэрийн чинь цонх гэрэлтэй байна, гараад ир гэж хэлэхэд айж сандарсан уу?

-Надаар дамжуулж нийгмийг айлгах гэсэн оролдлого хийж байна л гэж бодсон. Тухайн үед би та нар хүн амрах шөнийн цагаар хүн дуудах ёсгүй, хойшлуулашгүй асуудал байгаа бол хуулийнхаа зүйл, заалтыг тайлбарлаад шаардлагаа хүргүүл” гэж хэлсэн. Хэрэв намайг үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой онц аюултай этггээд гэж үзэж байгаа бол намайг тусгай хүч хэрэглэн баривчил гэж хэлсэн.

Би иймэрхүү хэлбэрээр дарамтлангуут  л айж, амаа хамхих хүн биш л дээ. Тийм шалтгаан ч байхгүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг биз дээ. Хэрэв би зөвхөн өөрийнхөө ахуйн болон албаны асуудлаа хөөцөлдөөд энэ асуудлыг орхичихвол дараа дараагийн хүнийг амыг иймэрхүү аргаар барьчихаж чадна, санамсаргүй санаатай байдлаар дахин алдаа гаргавал эрүүгийн хэрэг үүсгэдэг, үүнийг бусдыг айлгах зэвсэг ч болгож мэдэхээр байна. Тиймээс би үүнийг чимээгүй орхиж, ард түмэн үр хүүхдийнхээ ирээдүйг дарангуйллын замаар оруулах замыг сонгохгүй. Тодорхой хэмжээний цаг хугацааг золиослоод  өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалахын төлөө явна. 


-Шөнө 22 цагийн үед өгөх гэсэн ТЕГ-аас гаргасан гомдлын үндэслэл нь юу байв?

-ТЕГ-аас гомдол гаргасан бол түүнийгээ ямар хуулийн үндэслэлтэй гэдгээ тайлбарлах ёстой. Тийм учраас би нарийн лавлаж асуусан боловч муу нөлөөтэй зүйл бичсэн, янз бүрийн нэр хоч ашиглан ерөнхийлөгчийн албан хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон л гэж хэлсэн. Муу нөлөөтэй зүйл бичсэн гэсэн заал байдаг юм уу гэсэн чинь албан ёсны хуулийн тайлбар хэлж чадаагүй. Ерөнхийдөө л айлгаж, чимээгүй болгох гэсэн даалгавартай ирсэн гэж ойлгосон. 

Яг миний бичсэн жиргээнээс болоод ерөнхийлөгчийн өндөр их нэр хүнд гутаан доромжлогдсон уу гэдгийг батлах байлгүй. Зөрчлийн хуулиараа надаас гадна олон хүнийг амыг нь барихаар эрхэнд нь халдаж, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрх чөлөөнд халдаж байгаад нь харамсаж байна


-Та түүнээс хойш ч жиргээнд үзэл бодлоо илэрхийлсээр л байгаа. Харин тантай адил шалтгаанаар шалгагдаж буй хүмүүсийн зарим нь таг чимээгүй болчихсон гэж сонссон?

-Хэд хэдэн хүн бий. Зарим нь чимээгүй л байгаа. Уг нь бид бөмбөг тэслэе, Путинийг буудаарай гэж хэлж бичээгүй шүү дээ. Номер нэг хүний талын хүмүүс янз бүрийн зүйл бичихээр яадаг ч үгүй байж намайг шүүмжлэлтэй сэтгэлгээгээр бичихэд дайрч хэлэх хэлэхгүй үгээр ч зохион байгуулалттайгаар бичиж байна. Хэн ийм зүйл бичээд байгаа юм бол гээд харахаар уул ус, нар сар гэсэн элдэв янзын зурагтай хуурамч хаягууд гарч ирдэг. 


-Таны ямар агуулгатай жиргээ асуудал үүсгэх шалтгаан болсон юм бэ?

-Уг нь бид чинь бие даасан улс биз дээ, яагаад бүхэл бүтэн улсын агаарын хууль, хот суурин газрын хуулийг зөрчөөд дээгүүр нь бөмбөгдөгч онгоц нисгэх ёстой гэж. Халх голын дайны баатарлаг гавьяа биш Оросын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулна гэдэг хэн ямар мессэж өгөх зорилготой гэж. Би ингэж л бодсон, түүнийгээ л хэлсэн. Магадгүй буруу бодсон ч байсан ч хамаагүй. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, бусдаас өөр бодолтой байсныхаа төлөө асуудалд оруулж байна. Хэрэв Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол холбогдуулаад хурдан шоронд нь явуулах санаатай. Холбогдуулж чадахгүй болохооороо үндэсний аюулгүй байдал гээд шалтаглаад байх шиг байна.


-Та ерөнхийлөгчтэй тэрсэлдэж байгаа анхны иргэн болох байх…?

-Өмнө нь Уянга сэтгүүлчийн хувиар энэ төрлийн асуудалд орж байсан, шүүхдэлцэхэд улс төрч Н.Энхбаяр иргэний хувиар гомдлоо гаргасан юм билээ. Үзэл бодлоо илэрхийлснийх нь талаа бүхэл бүтэн институци, тамгын газраараа дайрч байгаа анхны иргэн нь би.


-Та ерөнхийлөгчийн юу гэж бичээд байдаг юм бэ?

-Фортуна Батбаяр, Симба Батбаяр, Молекул Батбаяр гэж нэр нэгтнүүд ялгаж яриад сурчихсан. Женко гэдэг чинь Баттулга ерөнхийлөгчийн байгуулсан компанийн нэр боловч бас л ард түмнээс өгсөн овог шиг болсон нь үнэн биз дээ. Тэгвэл энэ хүн ганцхан улсын эрх ашгийн төлөө өөрийнхөө улсыг хойш тавьсан явцгүй үйлдлүүд гаргахад би дургүйцсэн. Үүнийг нь мушгиад Женко нэрийг жонхуу болгосон зүйл бий. Зарим нь над руу чи төр засаг руу, төрийн тэргүүндээ үг хэлдэг хэн юм бэ гэж байна.

Уг нь бидний 3 сая хүн нийлээд дундаас нь менежментийн институци удирдаж нийгмийн амьдралын өдөр тутмын харилцааг хуулийн хүрээнд зохицуулж байгаа л хэрэг биз дээ. Гажуудал гарвал хуулиараа бүх харилцаа зохицуулагдах ёстой. Гэтэл энэ механизмыг иргэнийхээ эсрэг ашиглаад өнөөх төр дээдэлдэг уламжлалт сэтгэлгээ дээр тоглоод байгаад эгдүүцэл төрөөд байгаа юм. 



-Энгийн иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухайд юу хэлэх вэ?

-Хэзээ ч ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлээс бүү ухраарай. Дэг журам дарангуйллаар тодорхойлогддоггүй. Эрх чөлөө гэдэг бол сонголт, сонголт нь хариуцлага. Хариуцлага гэхээр дэгтэй томоотой байх, айдаг эмээдэг тухай яриад байна. 

Хүн гаргасан үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай л байх ёстой.  Миний гаргасан үйлдэл бол хэрэг биш үзэл бодлоо дургүйцэл бухимдлаа илэрхийлсэн төдий. 

Хууль эрх зүйн систем ашиглаж үгээ хэлсэн хүнийг шийтгэх эрх байхгүй гэдгийг Олон улсын хүний эрхийн тунхаглал дээр заачихсан байгаа. Худлаа мэдээлэл гарсан бол улс төрчид зөвхөн үгүйсгэх эсвэл тайлбар гаргах, мэдээлэл хийх эрхтэй гээд хүний эрхийн конвенцид биччихсэн. Хэрвээ ганц үгэнд л эмзэглээд, нэр төр нь гутаагдчихдаг юм бол яах гэж улс төрд орсон юм. Би ил тод байя гэж л дураараа гарч ирсэн ирсэн биз дээ. Бид итгээд саналаа өгсөн. Гэтэл одоо болохоор би чамд итгэхгүй байна гээд шоронд хийе гэх үү. Ийм тэнэг зүйл байж болохгүй. 

Тийм учраас би Монголд хүрэлцэн ирээд байгаа НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх тусгай илтгэгч, ноён Мишель Форстод хандсан. НҮБ-д эрх нь зөрчигдөж төрийнхний болон мафийнхны дарамт шахалтад орсон, хууль шүүхийн системийн ажиллагааны дор эрхийн баталгаа нь алдагдсан хүмүүсийг хамгаалдаг тогтолцоо байдаг юм билээ. Монголоос нэг ч хүн хамгаалалт хүсэж байгаагүй гэсэн. Би хандсан анхны хүн нь болж байна.