Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаар бүрдүүлэх банкны салбарын засаглал, хувьцаа эзэмшигчдийг бид энэхүү цуврал нийтлэлээрээ дамжуулан олны сонорт хүргэж буй. Бид энэ удаагийн цувралдаа ХААН банкийг онцоллоо.  

Монголын банкны системд нөлөө бүхий ХААН-ы “хувь заяа”-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид чухам хэн, хэн бэ. Монгол Улсад нийт 34 арилжааны банк байгуулагдсанаас 20 гаруй нь зах зээлийн шалгуурыг даалгүй дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоожээ. Тэгвэл цагийн шалгуурыг давж гарсан хэдхэн банкны нэг нь ХААН.

Угсаа гарал нь 1991 оноос эхтэй тухайн үед улс орон даяар салбар нэгжтэй Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк гэсэн нэртэй байв. Харин 2003 онд олон улсын тендерээр хувьчлагдсан. Ингэснээр банкны хувьцааг 100 хувь Япон улс дахь Sawada Holdings эзэмшиж байсан бөгөөд хожим нь Таван богд Трейд компанид нийт хувьцааныхаа 40 хувийг худалдсан байдаг. 2006 онд банк нэрээ өөрчлөн, үүнээс хойш ХААН гэж нэрийдэх болсон юм. 

ХААН банкны хувьцаа эзэмшигчдийг танилцуулъя. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь Sawada Holdings. Нийт хувьцааны 41.30 хувийг өнөөдрийн байдлаар эзэмшиж байна. Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй энэхүү компани нь одоогоор долоон охин болон зургаан хувь эзэмшдэг компанитай. Үүний нэг хувь эзэмшдэг компани нь ХААН банк. Хувьцааны эрэмбээр хамгийн том байр суурь эзэлж буй Sawada Holdings-ийн эзэн ХААН банкны ТУЗ-ийн даргын албыг хашдаг байна.  

ХААН банкны нөлөө бүхий хоёр дахь том хувьцаа эзэмшигч нь нь Таван богд трейд компани. Тус компани ХААН банкны 22.96 хувийг эзэмшиж байгаа юм. Удаах нь хувьцаа эзэмшигч нь Д.Хулан. Нийт эзэмшдэг хувьцааны дүн нь13.32 хувь. Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэж байгаа ХААН банкны ээлжит томоохон хувьцаа эзэмшигч бол Эйч Эс Интернэйшнл Лимитед бөгөөд нийт нийт хувьцааных нь 13.10 хувийг  өдгөө эзэмшиж байна.  Хас банкны хувьцаа эзэмшигч Олон улсын санхүүгийн корпораци Хаан банкны нийт хувьцааны 9.32 хувийг эзэмшиж байна. 

ХААН-ы нийт хувьцааны 13.10 хувийг эзэмших Эйч Эс Интернэйшнл Лимитед компани нь Sawada Holdings-ийн 100 хувийн эзэмшилтэй бөгөөд Хонгконг дахь охин компани нь.

“Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулна” гэх уриа лоозонг дэвшүүлсэн ХААН цахим банкны үйлчилгээгээр тэргүүлж буй. 2017 оны сүүлийн байдлаар Монгол Улсад мобайл банкаар хийгдэж байгаа нийт гүйлгээний 85 орчим хувь, интернэт хандалтаар хийгдсэн гүйлгээний 40 гаруй хувь, АТМ-аар хийгдэж байгаа гүйлгээ шилжүүлгийн 80 орчим хувь нь ХААН банкаар хийгдэж байгааг Монголбанк онцолжээ. 

ХААН-ы хоёр дахь эзэн гэж хэлж болох нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван богд трейд 12 охин компанитай. 1997 онд байгуулагдсан тус компанийн мэдэлд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь”, Гоёо” компани байдаг. Тус компанийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан нар нь ХААН Банкны ТУЗ-ийн гишүүд. Д.Хулангийн хувьд 2010 оны 12 дугаар сараас ХААН банкны хувьцаа эзэмшигч болсон билээ.

Монгол Улсад Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн банкны гишүүн байгууллагын нэг нь Олон улсын санхүүгийн корпораци. Тус корпораци 2004 оноос ХААН-ы хувьцааг эзэмшиж байна. ОУСК нь ХААН-д худалдааны санхүүжилт, давуу эрхтэй зээл болон хоёрдогч өглөг олгодог. Хувьцаа эзэмшигч учраас ХААН-ы Төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн хүнээ мөн гишүүнээр томилсон.

ХААН-ы санхүүгийн тайлантай танилцахыг хүсвэл энэхүү линк дарж мэдээлэл авна уу