НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Йонбён дэх цөмийн реактораа татан буулгахыг зөвшөөрсний хариуд НҮБ-ын хориг арга хэмжээг гурван жилийн хугацаагаар цуцлах саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д тавихад бэлэн байна. Энэ тухай  “Time” сэтгүүл Цагаан ордны албаны эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Трампын туслахууд аравдугаар сарын 1-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр АНУ, БНАСАУ-ын хэлэлцээг сэргээхэд туслахад чиглэсэн янз бүрийн саналуудыг танилцуулжээ. Тэдгээрийн нэг нь Йонбён дэх цөмийн төвийг татан буулгахыг Пеньян зөвшөөрсний хариуд нэхмэл бүтээгдэхүүн, нүүрс БНАСАУ-д экспортлохыг хориглосон НҮБ-ын хоригийг гурван жилийн хугацаагаар цуцлах санал юм. Харин НҮБ энэ хоригийг түр цуцлахаас татгалзсан тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд эдгээр хязгаарлалтыг дагаж мөрдөхөд тавих хяналтаа түр зогсоохоор төлөвлөж байгаа аж.


“Time” сэтгүүлд мэдээлснээр, дээр дурдсан зөвлөгөөний үеэр БНАСАУ шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин бүтээж байгаа талаар танилцуулахад Трамп ямар ч ач холбогдол өгөөгүй байна. Тэрбээр БНАСАУ цэргийн чадавхаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг үл харгалзан тус улстай хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг