УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Үүнтэй холбоотой асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэо АН-ын Нарийн бичгийн дарга Ц.Туваан "УИХ, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны 19.00 цагт Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан, сэтгэл сэртхийлгэм, цочирдом үйл явдал болсон. Тухайн өдөр талийгаач Төрийн ордонд "Торгоны зам" олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцоод, 15-18 цагийн үед Төрийн ордонд ажиллаж байсан.

Төрийн онцгой обьектын байруун жигүүрт, Засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо 2 дугаар давхрын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо.

Талийгаачийн хувьд өнгөрсөн 4 дүгээр сард гадаадад эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдсан, эрүүл гэсэн хариу гарсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн. Сүүлийн үед сошиал орчинд монгол биш зан гаргаж, талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай нь холбоотой сөрөг мэдээлэл явуулах, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд ихээр цацаж байна. Энэ байдалд АН-ын зүгээс харамсаж байна. 

Мөн АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явж байх үедээ учир битүүлгээр нас барсан асуудалд АН ямар нэгэн байдлаар улстөржиж, улс төрийн ашиг хонжоо хайсан мэт хүмүүсийн яриад байгаа шиг үйлдэл бид гаргахгүй. Үйл явдлын үнэнийг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна.

Энэ үйл явдал болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч цагдаагийн байгууллага ар гэрийнхэнд нь болон бидэнд ямар нэгэн албан ёсны тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд цагдаагийн байгууллага уг асудлыг онцгой анхаарч, учир явдлыг үнэн зөвөөр нь нэн яаралтай тогтоож, ар гэрийнхэн болон АН-ынхан, ард түмэнд мэдээллэнэ гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн мэдээллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.