УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд жагссан УИХ-ын гишүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт УИХ-ын даргын өрөөнд хэрхэн өрнөснийг сэтгүүлчдэд тайлбарласан юм.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон:

Би энэ уулзалтад хамт байсан. Тэр уулзалтын үеэр юу болсон тухай бодит мэдээллийг дуулгах гэсэн юм.Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах асуудлаар 5 удаа, Л.Оюун-Эрдэнэтэй 2 удаа утсаар ярьсан. Тэд жагсагчдын төлөөллийн хамт УИХ-ын даргатай уулзая гэсэн саналаа хэлсэн. Ингээд тус уулзалтад нийт есөн хүн ирсэн. Уулзалтаас гарч ирээд тэд ямар мэдэгдэл хийснийг мэдээгүй байна. Тэд өөрсдийн бичсэн үндэслэл бүхий нэг нүүр хуудас шаардлага тавьсан. УИХ-ын дарга М.Энхболд тэрхүү үндэслэлд нь өөрийн албан ёсны хариуг бичгээр өгсөн. Гэвч тэд хүлээж аваагүй, УИХ-ын даргын тайлбарыг ч тэд сонсоогүй. УИХ-ын даргын гардуулсан албан ёсны хариу бол 30 биш 3 хуудас. Удахгүй бид хэвлэлээр түгээнэ. УИХ-ын гишүүдтэй хамт ирсэн хүмүүс уулзалтын үеэр УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үед Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд үүнийг таслан зогсоосон. Энэ бол Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа. Тэдэнд ямар хариуцлага тооцох эсэхийг хууль ёсны байгууллагууд мэдэх байх. Ямар ч байсан баривчлах, саатуулах ажиллагаа явуулаагүй. УИХ-ын дарга бол төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг" гэлээ.