МАН өнгөрсөн долоо хоногт 3 дугаар Бага хурлаа хийсэн. Энэ үеэр зарим хүнийг Бага хурлын гишүүнээс хасах яриа гарсан. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа юм. 

Энэ талаар сайд Ц.Цогзолмаа "Би 1988 онд МАН-д элссэн. Одоо 30 жил болж байна. Анхан шатнаас нь эхлээд итгэл үнэмшлээрээ улс төрд унаж босож, 30 жилийг өнгөрөөлөө. Намын гишүүнээс хасах эрх зүйн шийдвэр гарч болно. Энэ нь улс төрд байдаг зүйл. Гэхдээ тэр шийдвэр хувь хүний дотоод итгэл үнэмшлийг мөхөөж чадахгүй гэж бодож байна. Гарсан нэг өдөр байхад эргээд сэргээх нэг өдөр байж л таарна. 

Ер нь бол улс төр ойлгомжгүй байгаа энэ үед улс төрийн нам удирдаж байгаа хүн буюу жишээгээр авч үзэхэд хулгайч, худалч, сайн муу олон хүүхэдтэй өрхийн тэргүүн эдгээр хүүхдээ бүгдийг нь тэвэрч авч ойлголцож, эцгийн хайр, ухаанаар залж авч явах ёстой. Түүнээс биш энэ цаашаа, энэ намайг шүүмжилсэн гэдэг байдлаар хандаж болохгүй. Би энэ намд 30 жил болохдоо залуучуудын байгууллага, одоо эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байна. 

Би У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүнтэй залуу байхаасаа эхлүүлээд энэ намын бүх л үйл ажиллагаанд хамт оролцож байсан. Гэхдээ хэзээ ч ийм ойлгомжгүй, дотоод ардчилал байхгүй, дарангуйлсан намын дарга үзээгүй. Хүний үнэт зүйл болох олон жилийн мэдлэг туршлага дээрээ үндэслэж үгээ хэлж байхад наадах чинь буруу гэж хэлэх эрх аль ч намын даргад байх ёсгүй" хэмээн ярилаа.