Боловсролын салбар ирэх жил цахим системд бүрэн шилжихээр болсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа "Тоон мэдээлэл, статистик дээр тулгуурлаж боловсролын салбарын бодлого, төлөвлөлтийг хийдэг болно.

Энэ систем бүрэн утгаараа ажиллаж эхэлсэнээр салбарын олон асуудал цэгцэрнэ. Бид тоон мэдээлэл, статистикт тулгуурлан системийн дүн шинжилгээг хийж үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл Баян-Өлгий аймагт хэдэн сургууль, хэдэн суралцагч, хэдэн багш байна, ямар багш дутагдалтай эсвэл илүүдэлтэй байгаа талаарх мэдээллийг авч үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно.

Багш нарын тухайд цахим журналтай болно мөн санал хүсэлтээ шууд сайддаа уламжилж болно. Ийм горим хүртэл бий.

Цаашилбал, хүүхдийнхээ ирц, дүнгийн мэдээлэл зэргийг эцэг эхчүүд тухай бүрд нь авдаг болсноор хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоо бодитой болно.

Мөн түүнчлэн үргэлж шүүмжлэл дагуулдаг гадаад тэтгэлгийг мэдээлэл гэхэд энэ системд тухай бүрдээ тавигдсанаар зөвхөн мэдээлэлд ойр байдаг цөөхөн хүмүүс гадагшаа тэтгэлгээр явах биш жирийн оюутан сурагчид маань энэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх гэх мэтээр маш олон талын ач холбогдолтой юм.

Энэ бол бидний зүгээс энэ жилийн багш нарын баярт зориулсан нэг бэлэг, нэг шинэчлэлийн чанартай ажил гэж болох юм.

Монголын боловсролын салбарт, багш нарт, жирийн иргэдэд ач тустай энэ том төслийг санхүүжүүлж, ивээн тэтгэсэн Азийн хөгжлийн банк, энэ төслийг бодит ажил хэрэг болгож тэр олон мэдээллийг нэг дата болгож системийг хөгжүүлж буй төслийн багийн авьяаслаг залуустаа халуун талархал илэрхийлье!" хэмээн нийтлэжээ.