Энэ жил харьцангуй эрт дулаарсантай холбоотойгоор шар өвсний түймэр цагаасаа эрт гарч эхэлжээ. Аялж зугаалж явахдаа түүдэг галаа унтраагаагүйгээс, хашааныхаа өнжмөл өвсөө шатааснаас, бөөгийн зан зан үйл хийснээс үүдэлтэй ойн түймэр эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цогбаатараас тодрууллаа. 

Ухамсартайгаар зориудаар гал тавьдаг хүн гэж байхгүй. Харин санамсар болгоомжгүйгээс болоод иргэд гал алдаж ойн санд хохирол учруулдаг. Тухайлбал иргэд гал түлчихээд дээрээс нь шороо асгачихаад унтарлаа, аюулгүй гэж боддог. Гэвч ойн санд ойрхон газар гал асаасан бол хөвдөн доогуураа уугиад л байдаг. Ингээд 3-7 хоногийн дараа салхи гарах төдийд л түймэр гарах магадлалтай. Тиймээс иргэдэд ил задгай гал асаахдаа эхлээд тойруулаад хүрздэж шороогоор тойрог үүсгэхийг зөвлөе. Буусан газраасаа явахдаа нурман дээрээ ус хийж газрын хөрсний шороотой нь сайн зуурч гүйцэд унтарсан эсэхийг шалгах ёстой. Хэрэв яахаа сайн мэдэхгүй байгаа бол ойн хамгаалагчаас галын зааврыг авч болно. Иймэрхүү ойр зуурын зүйл мэддэггүйгээс болоод иргэд өөрсдөө ч мэдэхгүйгээр гал тавих ч аюултай. Тиймээс хээр хөдөө явахдаа гал асаахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Сүүлийн үед бөө нар ёслол хийж байгаад гал алдсан тохиолдол нэлээн гарсан. Ой хамгаалагчдын зүгээс аль болох ой руугаа энэ төрлийн зан үйлийг хийхгүй байхыг, уул усандаа хохирол учруулахгүй байх талаар сануулдаг. Зарим нь ойлгож хүлээн авч заавал гаргахгүйгээр зан үйл хийгээд буцдаг тохиолдол ч байна. 

Хуурайшилтын үе эхлэхтэй зэрэгцэн иргэд зуслангийн ногоон бүсэд аялж, зугаалах, хашааныхаа өнжмөл буюу шар өвсийг шатаах, гуу жалганд үнс нурам ил задгай асгаснаас үүдэлтэй гал алдах, ой хээрийн түймэр гаргах эрсдэл өндөртэй байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангаж дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:

• Хашааны өнжмөл буюу шар өвс шатаахгүй байх;

• Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахгүй байх;

• Ил задгай гал гаргахгүй байх;

• Үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хадгалж хэвших;

• Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Гал түймэр тавьсан иргэнийг 300 мянган төгрөг, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгодог

Зөрчлийн тухай хуулийн 7.9.8 заалт:

8.Түймрийн аюултай үед:

8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн; 

8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн; 

8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан; 

8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.