Монголын улсын тэргүүний анхны хоршоо “Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуштай ярилцлаа. Жижиг дунд бизнес эрхлэгч, хоршоологчдын нэг түүнтэй ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн асуудлаар яриа өрнүүлэв. Түүний эрхэлдэг хоршоо дотооддоо “Цагаан алт” дэлгүүрээр бүтээгдэхүүнээ бор­луулдаг. Гадагшаа 4-5 оронд бүтээгдэхүүнээ экспор­толж буй.

 

-Танайх ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч байв уу? Та ЖДҮ-ийг зээлгүйгээр явуулах боломж бий юу?

-ЖДҮ-ийн томоохон төлөөлөл болсон манай хоршоо байгуулагдаад 12 жил болж байна. Энэ хугацаанд 2 чиглэлийн  зээлийг  14 удаа  авч ирлээ. Нэг нь банкны бизнесийн, нөгөө нь төрөөс үзүүлсэн жижиг дунд бизнесийг дэмжих зээл. Бизнесийн зээлийг банкаас авч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг удаа 100 сая төгрөгийн зээл авч үзсэн. Бид нарын хувьд их, томоохон бизнестэй хүмүүст бол ялихгүй л мөнгө л дөө. Жижиг томын аль нь ч бай зээлгүйгээр бизнес урагшилдаггүй. Бид авсан бүх зээлээ цаг хугацаанд төлж ирсэн нь үнэн. Өдий хүртэл авч ирсэн энэ зээлүүд ач холбогдлоо өгсөн бөгөөд  зээлгүйгээр бизнес явдаггүй гэдгийг бүрэн батална

 

-Гэтэл ЖДҮ-хөгжүүлэх сангаас эрх бүхий албан тушаалтнууд хэдэн тэрбумаар нь зээл авчихсан байна шүү дээ. Үүнийг сонсоод жирийн ЖДҮ эрхлэгч нарт ямар санагдсан бол?

-Эрх бүхий гишүүд болон бусад хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нь хэтэрхий шударга бус санагдсан. Тэд авсан зээлээ банкинд хадгалуулж мөнгөө угааж байгаа гэсэн ч мэдээлэл  гарсан шүү дээ, төр үүн дээр маш хурдан арга хэмжээ авах ёстой. Эрх мэдлээрээ далимдуулж зээл авдаг тогтолцоо байгаа цагт ЖДҮ-ийг дэмжинэ гэж ярих нь өнгөц, хөндий хоосон яриа болно. 

ЖДҮ эрхлэгчид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ өндөр хүүтэй зээл авч арилжааны банкуудыг баяжуулж ирлээ.

Нөлөө бүхий хүмүүс бага хүүтэй зээл авах нь битгий хэл, авсан зээлээ хүчингүй болгуулсан тогтоол гаргуулсан ч удаа бийг ард түмэн мэднэ дээ. Нэг жишээ нь Чингис бонд. Бондын зээл олон ААН-үүдэд тус болсон боловч зарим нэгэн муу үлгэр дууриалал үзүүлсэн тохиолдлууд байгаа. 

ЖДҮ эрхлэгчид бол ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийж яваа хүмүүс. Өөрийн жишээ дээр тайлбарлахад хонины нуруун дээр байгаа ноосыг эхлээд материалаа болгон нэмүү өртөг шингээж түүнийгээ хэрэглэгчдийн гар дээр эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. 

Манай хоршоологчид гэхэд алганы хээгээ арилтал ноосыг эсгийрүүлж, өдөр шөнөгүй зүтгэн хөдөлмөр эрхэлж дотооддоо болон гадаадад экспорт хийж байна.  Ийм учраас журмаараа энэ хүмүүст зээл очих ёстой, даанч эзнээ олсонгүй, үүнд бид маш их харамсаж байна. Энэ хүмүүсийг дэмжихгүйгээр улс орон хөгжихэд бэрх.

Зээл өгсөн ч гэсэн замд нь банк таначихдаг сул тал бас бий. Ингэхээр чинь авсан зээл жижиг дунд бизнесийг хөгжүүлж цэцэглүүлэх биш зөвхөн амь тариа л болж хувираад байгаа юм. Зээлийн цаана хүний нөөц, бизнесийн орлого, бизнес тогтвортой байх эсэх  хэрэглэгчдийн эрх ашиг гээд олон асуудал бий.

 

-ЖДҮ эрхлэгчид зээл авахын тулд хэр хүнд шалгуурыг давдаг вэ?

-Амаргүй л дээ. Бид энэ бүхнийг туулаад л өдийг хүрсэн. Анх зээл авахад дэндүү өндөр шалгуурыг давсан. Наад зах нь хоршоо гэдгийг ойлгодоггүй. Манайх 12 хоршооны дарга, 5 тэргүүлэгчтэй гэхээр банкныхан тэр олон хүний хэнээс нь хариуцлага нэхэх вэ гэдэг байлаа. Ингээд л ААН-ийнхээ статусаа ойлгуулахаас эхлээд дундын өмчтэй гэдгээ ойлгуулахын тулд бөөн юм болно шүү дээ. 

Монголчууд өвөл л эсгий зарагддаг гэж ойлгодог. Гэтэл эсгий экспортын бүтээгдэхүүн учраас борлуулалтынхаа 70 хувийг зуны улиралд хийдэг. 

Үүнээс болоод улирлын чанартай гэж ойлгон зээл өгдөггүй байлаа. Энэ мэтээр зөндөө бэрхшээл гарсан ч уйгагүй явж байж л зээлүүдээ авсан. Одоо бол авсан зээлээ асуудалгүй төлсөн гэсэн өөрсдийн түүхтэй болсон учраас харьцангуй өмнөх шигээ өндөр шалгуур тавихаа больсон. Нэлээн хэдэн жилийн өмнө Хас банкаас зээл авах гэж энэ бүхнийг яаж ч тайлбарлаад ойлгоогүй,  тэр үед хамаг бичиг баримтаа аваад уйлаад гарч байлаа.

Нэг банктай тууштай харилцсан тохиолдолд зээлийн хүү эхлээд өндөр байдаг боловч сүүлдээ буурдаг давуу талтай учраас бид зөвхөн харилцагч  Голомт банкийг сонгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа. Гэсэн ч инфляци өсчихлөө гээд дахиад л өнөө байрандаа ирчихдэг хэвээрээ.

 

-Зээлийн хүү ярихгүйгээр ЖДҮ-ийн хөгжих талаар ярихад бэрх. Танайх банкаас хэдэн хувийн хүүтэй зээл авч байна вэ?

-Үнэхээр л энэ талаар ярихгүйгээр үндэсний үйлдэрлэлийг дэмжинэ хөгжүүлнэ гэдэг үлгэр. 

Гадныхан манай банкны бизнесийн зээлийн хүүг сонсоод гайхдаг, зарим нь итгэдэггүй юм билээ. Би ажлынхаа шугамаар америк хүнтэй уулзахад миний ярьсаныг орчуулагчаасаа дахин нягталж “Энэ хүн зээлийн зээлийн хүүгээ андуурч хэлээгүй биз” гэж лавлан асууж байсан тохиолдол бий.

Хэрэв ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авч чаддаг бол ганц бизнесээ ч өргөжүүлээд зогсохгүй хүний нөөцийн ур чадвартаа анхаарах боломж олдоно. Өнөөдөр үйлдвэрлэгч нарт хүний нөөцийн асуудал толгойны өвчин болчихсон. Хоршоонд маань гэхэд  үйлдвэрлэгчдийн тоо цөөрөх хандлагатай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бидэнд эрэлт хэрэгцээтэй байна. Тухайлбал загвар зохион бүтээгч, будах техник технологи эзэмшсэн хүн дутагдаж байна. Хүний нөөцийн ур чадварыг тодорхойлохгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярихад бэрх.

 

-Томоохон компаниудад ач холбогдол өгөөд ЖДҮ-ийг төдийлэн ойлгохгүй байна уу даа. Яагаад ЖДҮ дэмжих ёстой вэ гэдгийг тайлбарлахгүй юу?

-ЖДҮ-ийн цаана олон зуун жирийн иргэн бий. Манай үйлдвэрлэгчдийн ихэнх нь гэртээ суух хүүхдээ харангаа, хань ижлээ асрангаа хажуугаар нь энэ бизнесийг эрхэлдэг. Энэ чинь өөрөө асар олон хүнийг ажилтай байлгаж хооллож асарч ажлын байрыг бий болгож  байгаа салбар учраас анхаарахгүй орхиж болохгүй салбар.

ЖДҮ эрхлэгчид зарим хүмүүст аар саархан, өнөө маргаашийн жижиг сажиг зүйл хийж байгаа юм шиг харагддаг байх. Гэхдээ тэд бүтээлч соёлын үйлдвэрлэл явуулж брэнд, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд  зогсохгүй соёлын биет өв тээгч нар юм шүү.

Бидэнд ном журмаар нь зээл өгчихвөл өөрсдөө л зөв гольдролдоо ороод бизнес нь хөгжөөд явчихна. Зээл нэн хэрэгцээтэй нь учраас зөв замаар нь оруулаад өгөөч гэж холбогдох эрх мэдэл бүхий  хүмүүсээс хүсээд байгаа юм. Бусад зээлдэгч нартай харьцуулахад ЖДҮ эрхлэгч нарын зээлийн төлөлт 99 хувь эрсдэл багатай байдаг нь давуу тал шүү. Гэхдээ бас нэг сайн мэдээ бий. Энэ хавар хүү багатай Хөдөлмөр халамжийн шугамаар 20 сая төгрөгийн зээл авсан.

 

-8 дугаар сард ЖДҮ хөгжүүлэх сангийнхан зээл өгсөн. Та тэр зээлийг хөөцөлдсөн үү?

-Хүү нь бага, нөхцөл нь боломжийн учраас зээл авахаар хөөцөлдсөн. 2 дахь удаагаа зээл авах гэж ёстой хөлөө хүрэх газар хүртлээ явж хөөцөлдсөн ч бүтээгүй. Маш богино хугацаанд зарлагдаад шалгаруулчихсан, зарласан дүр үзүүлээд л өнгөрсөн гэх үү дээ. Цаанаа тохирчихсон юм чинь зарлаад ч бид нарын материалд зээл олгогдохгүй л дээ.

 

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр бүтээгдэхүүн нь үнэтэй байна гэсэн шүүмж дагадаг. Энэ тал дээр үйлдвэрлэгчийн үгийг сонсмоор байна?

-Үүнийг өөрийн бизнес дээрээ тайлбарлая. Хонины ноос 500 төгрөг байхад таны “Цагаан алт” дэлгүүрт таавчиг яахаараа 50,000 төгрөг гэдэг юм бэ гэж шүүмжилдэг хүмүүс бий л дээ.

Яагаад гэвэл хонины нуруун дээрх ноосыг бид чэнжүүдээс урьтаж авахын тулд малчидтайгаа гэрээ хийж 20-30 сая төгрөг түгжин байж авдаг. Авсан ноосоо угаалгахад 1 тонн ноос 500-600 кг болж хорогддог. Үүнээс үйлдвэрийн машинд самнуулахаар хялгас нь ялгагдаж 250-300 кг ноос үлдэнэ. Хялгасгүй байж л хэрэглэгчдэд зөөлөн тав тухтай бүтээгдэхүүн хийнэ шүү дээ. Дараа нь будуулахад мөн 1 кг тутамд 15,000-20,000 төгрөг төлдөг. Ноос хорогдол ихтэй. 300 кг ноосыг тодорхой хугацаанд  хадгалахад 280 кг болон багасдаг.  Ноос бол амьд эс буюу амьд ширхэг учраас удах тусам жингээ алддаг онцлогтой.  Дээрээс нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс 100 хувь гар ажиллагаа шаарддаг.

500 төгрөгөөр авсан ноосонд энэ олон нэмүү өртөг шингэдэг учраас бүтээгдэхүүнээ хямд үйлдвэрлэх боломжгүй юм. Гэхдээ амьд эс ширхэгт бүхий ноосоор, эрүүл мэндэд ээлтэй ийм бүтээгдэхүүнийг бид үнэтэй гэж хэлж болохгүй.

 

-ЖДҮ дээр татварын хөнгөлөлт бий юу?

-Хоршоо гэдэг байгууллагын хувьд  ганцхан онцлог бий.  Тэр нь Монголын хоршооллын хуулид зааснаар  ААНОАТ-аас чөлөөлөгддөг. Харин зарим хоршоод үүнийг мэдэхгүйгээс болоод энэ татварыг төлөөд байдаг юм билээ. Энэ дашрамд хоршоологчдодоо үүнийг хэлэх нь зүйтэй байх аа.

 

-Гадаадад ЖДҮ-ийг хэрхэн дэмждэг ямар сайн жишиг байдаг бол?

-Ажлынхаа шугамаар олон хүнтэй уулзаж байлаа. Энэ тал дээр үлгэр жишээ болох олон жишээ бий. Тухайлбал Норвегид ААН үүсгэн байгуулагдсан эхний жилүүдэд татвараас чөлөөлдөг юм байна. Бас орлого зарлагад нь таарсан татварыг шатлаад авдаг системтэй.

Хятадад гэхэд ЖДҮ-дэд өгөх зээлээ тэгээс эхэлдэг. Манайд шийдвэр гаргагчид үүн дээр ажил санаачилж хийхийг хүсэхгүй байх шиг санагддаг. Хятад улс хэдэн жилийн өмнө армийн хувцасны 70 хувийг ноос байх ёстой гэсэн шийдвэр гаргаад түүндээ зориулж зээл олгосон. Цаад утгаараа Монголын ноосыг цуглуулаад ир гэж л байгаа хэрэг. Үүний нөлөөгөөр бид ноосныхоо ихэнхийг Хятад улс руу гаргадаг болсон. Ийм учраас бид өмнө нь үйлдвэрээс 15 мянган төгрөгөөр авдаг байсан ноосоо 30-35 мянган төгрөгөөр авч байна шүү дээ.Бид яг л урагшаа гаргадаг үнэ буюу Австралитай ижилхэн үнээр ноосоо авдаг.