Академич Ц.Оюунсүрэн хепатитийн  В (HBV) , С  (HCV)  вирусын шинжилгээний хариу буруу зөрүү гарах шалтгааны  тухай талаар бичиж байна.

Сүүлийн өдрүүдэд  "В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораторийн 15 нь чанарын шаардлага хангаагүй” талаар ихээхэн ярьж бичиж, хүмүүс ч ихээхэн бухимдалтай байх шиг байна.  Иймээс би судлаачийн хувьд хэдэн зүйл хэлэх хэрэгтэй гэж бодож байна. 

Эхлээд  ажиллаж байгаа  лабораторийнхоо  тухай танилцуулья. 

Манай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид  1993 оноос Монгол хүн амын дунд тархсан Хепатитийн В, С вирусын судалгааны ажил 20 орчим жил  хийсэн. Энэ чиглэлээр  хепатитийн вирусыг илрүүлэх  оношилгооны ажил хийж байсан анхны лабораториудын нэг дээ, тэр үед манай хүрээлэн Биотехнологийн хүрээлэн нэртэй байсныг олон хүн мэдэх байх. 

Ер нь   хүн хепатитийн  халдвар авсан эсэхийг  эхлээд  тухайн хүний  цусанд  В, эсвэл С вирусын эсрэг биеийг илрүүлэх шинжилгээг хийж  тогтоодог. Үүнд иммунологийн аргаар, тухайлбал  эхний жилүүдэд  цус шууд ба шууд бус наалдуулах урвалын  аргаар тодорхойлдог байв, харин дараа нь ЕЛИЗА буюу арай мэдрэг арга ашигладаг болсон. 1990-ээд онд дэлхий нийтээр эдгээр аргыг л ашигладаг байсан. 

Сонирхуулахад Хепатитийн С вирусыг дэлхий нийтэд 1989 онд л анх  илрүүлсэн шүү дээ.  Бид түүнээс  хэдхэн  жилийн дараа буюу 1994  монгол хүнд энэ С вирусыг  илрүүлэн тодорхойлж байв.  Хамгийн чухал нь  бид Цусны төвтэй хамтран ажиллаж тэр үеийн бараг бүх донорын цусанд С вирусын халдварын шинжилгээг манай лаборатори хийдэг байсан, түүнээс өмнө  манай улсад С вирусын шинжилгээг хаана ч хийдэггүй байсан шүү дээ.  

Сүүлийн үед  тухайн хүн  В эсвэл С вирусын халдвар  авсан бол  уг вирус  хүний цусанд  үржиж, олширч  байна уу, вирусын тоо хэр байна гэдгийг Полимеразын гинжин урвалын аргаар  тогтоодог. Үүнийг  вирусын ачаалал тодорхойлох гэж нэрлээд  байх шиг байна.  Үүнд Полимеразын гинжин урвалын  (ПГУ) автомат машиныг ашигладаг. Хүмүүс  ПСР ( PCR - Polymerase  Chain Reaction)   гэж ч нэрлээд байдаг. Энэ нь нилээн үнэтэй   багаж л даа, иймээс зарим лаборатори хагас автомат аппарат машин хэрэглэдэг  бололтой.  Ер нь  ПГУ-ын арга ажиллагааг  маш сайн дадлага туршлагатай хүн нэг удаагийн хэрэгслэлүүд ашиглан   хийдэг. Полимеразе гэдэг фермент ашигладаг тул тэр  фермент бодис нь идэвх сайтай байх шаардлагатай, энэ фермент нь   гадаад болон урвалын орчинд  ихээхэн  мэдрэг тул оношилгоо хийж байгаа хүнээс мэдлэг, чадвар, туршлага шаардана. Ерөөс ПГУ-ын ажлыг зөвхөн  мэдлэг,  туршлагатай молекул биологичид л хийдэг.   Хамгийн ойрын жишээ гэхэд Элэгний төвд  хепатитийн шинжилгээ,  оношилгоог миний 2 шавь, манай  Молекул биологийн лабораторид ажиллаж байсан Одгэрэл, Анир нар  хийж ажилладаг, тэр 2 үнэхээр туршлагатай молекул биологичид.  


Ерөөс  вирусын ачаалал тодорхойлох шинжилгээнд  ихээхэн анхаарах зүйл нь эдгээр вирусын  бүтэцтэй холбоотой. Хепатитийн В вирус нь  ДНХ   бүхий вирус, харин С вирус нь РНХ-тэй вирус.  ДНХ, РНХ гэдэг нь тухайн вирусын удамшлын мэдээлэл агуулагч, дамжуулагч   молекулууд юм. Энэ  нь өөр өөр байгаа биз, нэг нь РНХ-тэй, нөгөө нь ДНХ-тэй вирус. Иймээс ПГУ явуулахад  хүний цуснаас В вирусын  ДНХ, С вирусын РНХ-г эхлээд ялгадаг, түүнийгээ шинжилгээнд   ашигладаг. Эдгээр нь маш мэдрэг  молекулууд тул энэ 2 вирустай ажиллахад  лабораторийн  багаж, бээлий, бодис, автомат пипетка гэх мэт нь энэ 2 вирус тус бүрт өөр өөр байх  шаардлагатайгаас гадна энэ 2 вирусын  оношлогоог нэг өрөөнд ч  хийж болохгүй. Өөрөөр хэлбэл В вирусын оношлогоог хийх өрөө болон бүх зүйл С вирусынхээс тусдаа байх шаардлагатай. 

Учир нь ДНХ, РНХ молекулыг задалдаг  энзим, ялангуяа РНХ молекулыг задалдаг фермент бидний ойр орчим, бидний  гар, хөлс, улмаар  гар хүрсэн багаж, бодис  гэх мэтэд ч байна. Иймээс дээрх 2 вирустэй  хэрхэн яаж  ажиллах нь  шинжилгээний  хариу үнэн зөв гарах болон чанарын шаардлагад ихээхэн  чухал юм.  Тэгэхгүй бол ДНХ молекулыг задалдаг энзим, РНХ молекулыг задалдаг энзим  вирусын  геномыг задлаад  шинжилгээний  үр дүн буруу гарах тохиолдол  байдаг. 


Манай лабораториуд ихэвчлэн 1 өрөөнд бас 1  пипетка, багаж төхөөрөмжийг  энэ 2 вирусын оношлогоонд ашиглаж байгаа харагддаг. Мөн  шинжилгээг хийхэд заавал эерэг, сөрөг хяналттай  хамт хийж байх шаардлагатай, учир нь энэ нь тухайн шинжилгээг үнэн зөв хийсэн эсэхийг тогтооно. Хяналтын цус, дээжийг урвал бүрт ашиглахгүй хийвэл вирусгүй хүний дээжинд вирус илэрсэн, эсвэл вирустай хүнд  вирусгүй мэт хариу гарч магад шүү дээ.  Ер нь дотоод болон хөндлөнгийн хяналтыг улирал  бүр тогтмол хийж байх нь  шинжилгээний үр дүн үнэн зөв байхад ихээхэн чухал. 


Манайд сүүлийн жилүүдэд 220 мянган хүнд  дээрх 2 вирус илрүүлэх, ачааллыг тодорхойлох шинжилгээ хийсэн гэсэн мэдээ саяхан байсан. Одоо хепатитийн Д вирусын шинжилгээг хийж эхэлж байгаа гэсэн, энэ ч бас маш чухал. Учир нь Д вирус  болон В вирусын давхар халдвартай бол  тухайн хүн элэгний хавдартай болох магадлал өндөр байдгийг бид 10 гаруй жилийн өмнө  судалгаагаараа тогтоосон.  Харин зөвхөн В вирусын халдвартай бол энэ магадлал бага. Ерөөс манайд хепатитийн вирусээс шалтгаантай элэгний хорт хавдарын өвчлөл их байгаа нь манай хүн амын дунд тархсан эдгээр 3 вирусын генетик онцлогтой  холбоотой  гэдгийг  манай лабораторийн  олон жилийн судалгааны үр дүнд харуулсан.       

Харин одоо  бид  элэгний хавдар  өвчин үүсэхэд хувь хүний генетик хүчин зүйлс, удамшлын онцлог, дархлааны систем хэрхэн нөлөөтэй талаар судалгаа хийж байна. Учир нь 2 хүн адилхан хепатитийн  аль нэг вирусын  эсвэл давхар халдвартай, вирусын ачаалал ойролцоо байхад нэг нь элэгний хавдараар өвдөх, нөгөө хүн нь өвдөхгүй, эсвэл хожуу өвдөх зэрэг  нь тухайн хүний дээрх  онцлогуудтай холбоотой байж болох юм.