УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэл амгүй амархан болчих ажил гэж ойлгоод байна. Эргэж харах олон асуудал байна. Тухайлбал зардал хэтэрхий их гарах нь. Арай хэтэрч байна, саяхныг болтол УИХ-ын сонгуулийг 5 тэрбум төгрөгт багтаагаад хийж ирсэн. Тэгсэн хэрнээ "Тийм эсвэл үгүй" гэсэн хариултыг дугуйлахын төлөө 20-30  тэрбум төгрөг зарцуулна гэж үү. Аливаа асуудлыг зардал багатай талаас нь шийдмээр байна. Хэтэрхий ач холбогдолгүй зүйлд дэндүү их зардал гаргаж явдаг арга барил буруу шүү.

Тиймээс би ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж бодож байна. Энэ хориг улс төрийн мухардмал байдалд орохоос зайлсхийх бололцоо өгч байгаа хэрэг юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Д.Лүндээжанцан нарын ажлын хэсэгт багтсан хүмүүс аймаг сумдаар явж баахан хүнээс санал авсан биз дээ. Санал авсны үндсэн дээр энэ төслийг босгосон. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нэрээр нэлээн их зардал гаргасан. Үүнээс чинь болж хэл яриа тасрахгүй ээ. Энэ их зардлыг үгүйсгэж жагсаал цуглаан хийхийг ч үгүйсгэхгүй. Ард нь нийгмийн аюулгүй тайван байдлын төлөө хэдэн цагдаа л ажилладаг шүү дээ. Ажлаа ч гэсэн бодож энэ хоригийг хүлээн авахыг хүсэж байна.