ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр мэдээлэл хийж, Ц.Нямдоржийг сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг санаатайгаар замхруулсаар ирсэн хэмээн мэдэгдсэн. Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл өглөө.

ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж "Б.Хурцыг мэдээлэл хийсэн гэж би сонслоо. Зул мөхөхийн өмнө бадамлана гэж үг байдаг. Б.Хурцын хувьд тэр л болж байна. МАН-ын бүлгийн хагарлыг зохион байгуулж буй гол хүн нь Б.Хурц юм. Би өнөөдөр Цагдаагийн газрын даргыг солих санал оруулна. Энэ асуудлаа нэг цагийн дотор шийдвэрлэнэ.

Б.Хурцын мэдээлэл хийж буй гол шалтгаан нь  олон хүнийг хилмэгдүүлж, ял оноосон хэрэг нь илрэх цаг болсон болохоор ингэж сандарч байгаа юм. ТЕГ томилгоогоор далимдуулж Цагдаагийн газарт өөрийнхөө хүмүүсийг шургуулсан. Тэгснээр цагдаагийн газрыг удирдах санаатай байна. Би үүнийг маш хурдан хугацаанд цэвэрлэнэ. 

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар хоёр Анхбаяр гэдэг нэр гарсан. Нэг нь Миний хүү Анхбаяр бөгөөд тус асуудалд холбоогүй гэдэг нь нотлогдсон. Нөгөө Анхбаяр нь миний багшийн хүү юм. ТЕГ өөрөөр хэлбэл Б.Хурц манай багшийн хүүгээр далимдуулж намайг бүтэн жил тагнасан. Өнгөрсөн жил би ийм явдал болоод байгааг мэдээд Б.Хурцыг ажлаа хүлээлгэж өгөөд гар гэж хэлж байсан. Тэр үед Б.Хурц намайг тагнаж байсан юм. Өнөөдөр улс төрөөс саланги ажиллах ёстой ТЕГ-ын дарга Б.Хурц өөрөө улс төрийн мэдээлэл хийгээд сууж байна гэдэг хууль бус үйлдэл. Удахгүй би  ТЕГ-ын даргыг солино" хэмээн мэдэгдлээ.