УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн шөнө 03.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос асуухад Монголд шударга бусын хонгил гэж байгаа бол шударга ёсны багана гэж байх ёстой. Та УИХ дээр нэвт шувт будаа болгоод өгнө гэж ярьж байсан. Танай дэд хорооны 5 гишүүн нь огцруулахгүй гэж байхад та яагаад бүрэн эрхийг нь чөлөөлнө гэж хэлчихэж болоогүй юм бэ. Та прокурор байсан хүн. Хууль хяналтын байгууллага яаж ажилладгийг мэдэх байх. Ганц удаа дуудахад шалгах ажиллагаанд саад хийгээгүй гээд байх юм. Тэр хүмүүс саад хийх үү, үгүй юу гэдгийг та яаж мэдэж байгаа юм. Энэ асуудал зээл шиг харагдаад байна уу, гэмт хэрэг шиг харагдаад байна уу" хэмээн асуулаа.

Хариуд нь УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Зээл олгосон хүмүүс нь хууль хяналтын байгууллагад ном журмынхаа дагуу л зээл олгосон гэж тайлбарлаад буй юм билээ. Мөн эдгээр гишүүд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан юм уу гэж асуухад саад учруулаагүй. Нэг удаа гэрчээр дуудаж байцаасан. Тэр үед асуусан бүх асуултад нь хариулсан гэж хэлсэн. О.Баасанхүү гишүүнээ өмгөөлөгч байсан чинь үнэн юм бол өмгөөлөгч байсан хүн шиг юм ярьж бай. Арай л хэтэрч байна шүү чи. Би Монголын олон шилдэг өмгөөлөгчийг мэднэ. Өмгөөлөгч бол хүний эрхийг хамгаалах тухай ярьдаг, яллагч биш яллахын эсрэг ажилладаг алба. Чамайг харахаар л улаан яллагч харагдаад байх юм. Нэг бол шүүх дээр очиж яллах ажлаа хий" хэмээлээ.