С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хороо дээрх асуудлаар албан ёсны дүгнэлт гаргасныг Ж.Батзандан танилцуулав.

Тэрээр "Түр хорооны шийдвэр, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны шийдвэртэй 100 хувь санал нэгтэйгээр гарсан" хэмээлээ.

Энэ үеэр тус Түр хорооны гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Би нэг зүйл хэлье гэж бодож байна. Шүүх дээр энэ хэргийн хугацааг аль болох сунжруулах тоглолт явагдаж байгаа. Анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтад буцаасан. Сүүлчийн өдөр тус шийдвэрээ прокурорт өгсөн. Прокурор эсэргүүцэж бичиг өгөөд, шүүх хэлэлцэж болох сүүлчийн өдөр Давж заалдах руу өгсөн. Давж заалдах шатны шийдвэр гарснаас 30 хоногийн дараа шүүхийн давахын магадлалыг гардуулсан. Одоо дахиад 30 хоногийн хугацаа хожих, сунжруулах хуйвалдаан, тоглолт явагдаж байна. Энэ асуудал нууцаас гарсан. Гэтэл зарим хүн одоо нууцаас гаргах шаардлага хүргүүлээд хугацаа хожих гэсэн үйлдлүүд явагдаж байна.

Хамгийн гол зүйл бол энэ асуудлыг будлиулсан бүх шүүгч албан тушаал дээрээ хэвээрээ байгаа. Ялангуяа Дээд шүүхийн түвшинд. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь солиндсон боловч хуучин ерөнхий шүүгч нь одоог хүртэл ажлаа хийж байгаа. Тэд арьсаа хамгаалж буй учир анхан шат болон давж заалдах шатны шүүх дээр хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж буйг би өнөөдөр баталгаатай хэлж чадна. 

Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой. Үүнийг эвлүүлэг байсан гэж ярьдаг хүн гарч ирж байгаа. Тэнд ямар ч эвлүүлэг байхгүй. Тагнуулын байгууллага хийсэн ажлаа сэргээж, олон нийтэд зарим хэсгийг нь олон нийтэд үзүүлсэн. Энд эвлүүлэг хийх ямар ч техникийн бололцоо байхгүй. 

Хуультай улсад бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэг ч цаг, өдөр алдахгүй суллах ёстой. Эцэст нь дахиад хэлэхэд энэ хэргийг ингэж урьдчилан төлөвлөж, зохион байгуулж шийдвэрлэсэн хүмүүс шүүх дээр хугацаа хожих тактикын тоглолт хийж байгаа" хэмээн мэдэгдлээ.