УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах эсэх талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Энэ үеэр ХЗДХ-ийн сай Ц.Нямдорж "Хэрэг гарсан 10 дугаар сарын 02-ны орой мэргэжлийн 2 том алдаа гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Энэ хоёроос болж бүх зүйл цаашид замхарсан. 

Мөн тагнуул, цагдаа гэсэн хоёр газарт шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед гараад, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ийм 2-3 хүн балмад мэдээллээр шийтгүүлээд төгсгөл болж буй юм. Энэ сонирхолтой. 

Шүүх 25 жилийн хугацаагаар энэ хэрэгт хэн ч хүрч болохгүй гэсэн хурлыг хийсэн. Одоо үүнийг нь ил гаргах гэхээр ерөөсөө гаргаж өгөхгүй байгаа. 2-3 удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж, Засгийн газар эрхийнхээ дагуу нууцаас гаргасан. Тэгээд прокурор дээд аваачаад өгчихсөн чинь дахиад хэнд ч үзүүлэхгүй байна. Прокурор гэдэг байгууллага бас тэндээ нууц тогтоодог болчихсон. 

Яагаад ингээд байна вэ гэхээр, тэр асуудал гараад ирэх юм бол энэ бүх балай юм дотор нь байгаа. Тиймээс нуугаад, энийг хөндөж ярьсан хүнд эрүү үүсгээд, дарамтлаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Хорих байгууллагад хууль зөрчигдсөн үү, үгүй юу гэдгийг гаргаж ир гэж би холбогдох ажилтнуудад даалгавар өгсөн юм. Ийм ажил эхлүүлэхээр хориход байгаа ажилтнууд дээр хэрэг үүсгээд, утсыг нь чагнаад, ажлын хэсгийн нөхдүүдийг аваачиж байцаагаад жил, 5 сар боллоо. Эрүүдэн шүүсэн асуудал байна уу гэдгийг цагдаад үүрэг өгөхөөр, улсын нууц задлах гэж байна гээд дахиад цагдаа нарын утсыг чагнаад, дууг нь хурааж авчихаад байцаагаад явж байна.

Өнгөрсөн долоо хоногт шийдвэр гүйцэтгэлийн, цагдаагийн нэг, нэг удирдлагын ажилтныг Ажлын хэсэг гэдэг юман дээр дуудаж авчирч, байцаах ажиллагааг прокурорууд шахаж хийлгэж байна. Ийм зүйлүүд байгаа учраас төвөгтэй байна. Энэ хэргийн талаар ярьсан хүн бүрийг хойноос нь дагадаг, сүрдүүлдэг, айлгадаг, ятгадаг ажиллагаа тувтан явж байгаа. Бүр удаагийн тагнуулын дарга руу "чам дээр эрүү үүсгэнэ шүү" гэж айлгаад сууж байхыг би өөрийн нүдээр үзсэн" хэмээн хэллээ.