С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүж буйг харуулсан 27 минутын бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд хаалттай үзүүллээ.

"Тэднийг эрүүдэн шүүсэн байна. Бичлэгийг сэргээсэн" гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, Засгийн газар бичлэгийг нийтэд үзүүлэх тогтоол гаргаж, Тагнуулын ерөнхий газар бичлэгийн үзүүлж болох хэсгийг бэлдсэн.

Улмаар өнгөрсөн лхагва гарагийн орой УИХ-ын гишүүд хаалттай горимд үзсэн. Харин өнөөдөр сэтгүүлчдэд үзүүллээ. Бичлэгийн зургийг дарах, хуулбарлахыг хориглосон бөгөөд сэтгүүлчдийн мэдэх эрхийг хангах, бодит бичлэг байгаа гэдгийг нотлох зорилгоор үзүүлж буй аж.

Маш хүнд үйл явдал, эрүүдэн шүүлт гарч буй тус бичлэгийг шууд иргэд олон нийтэд цацаж, нийтээр цочирдуулах нь зохисгүй. Мөн эрүүдэн шүүгдэж буй хүмүүсийн ар гэрийнхэнд ч хүндээр тусахаар байна гэдгийг зарим сэтгүүлч хэлж буй юм.

Тус бичлэгт "Агаар орох ямар ч боломжгүй подволын өрөөнд буй Б.Содномдаржаа дээр Ц.Амгаланбаатар, 16 жилийн ял авсан том биетэй И гэгчтэй хамт орж ирдэг. Тэд нэг өрөөнд байрлаж буй бөгөөд нөгөө 2 нь өдөр, шөнөгүй Б.Содномдаржааг "хэргээ хүлээ" гэж дарамтлана, цохино, дээр нь ялгадас асгана. Харин Т.Чимгээгийн өрөөнд Ц.Амгаланбаатар шөнийн цагаар цээж нүцгэн орж мөн л "хэргээ хүлээ" гэж сүрдүүлж буй".

Дээрх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа бичлэгтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ бичлэг өөр хаана ч байхгүй. Хэн ч монтажлаж чадахгүй. Үүнийг зохион байгуулсан ажлын хэсэг тэнд ийм зүйл болж байгааг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шийдвэр гүйцэтгэх байгууллага зүгээр л байхгүй болчихсон. Тэр цагдан хорих байрны дарга, төлөөлөгч 2 хоолыг нь оруулж өгөөд л буцаад гарна. Харьцах ямар ч эрх байхгүй. Шөнө тэр 2-ыг хөөж явуулчихаад, тагнуулын гүйцэтгэх ажилтнууд өрөөг нь онгойлгоод хүнээ оруулж байна. Жишээ нь, 23.00 цагийн үед Т.Чимэгээ дээр цээж нүцгэн залууг оруулсан. 

Ийм зүйл болсонд хүмүүс итгэхгүй байгаа. Одоо та нар нүдээрээ үзсэн юм чинь ойлгож байгаа байх. 

Ийм байдал үүсгэхгүйн тулд дээрх үйл явдал болсон подволыг ашиглахаа больчихсон байсан. Гэтэл үүнд ашиглахын тулд 2000 оноос хойш урьдчилан бэлтгэж, тагнадаг төхөөрөмжүүд суурилуулсан. Тэр ажлыг ТЕГ-т ахлах дэслэгч цолтой байж байгаад гэнэт ШШГЕГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга болж, шууд дэд хурандаа цол авсан хүн зохион байгуулсан. Би сайд болчихоод энэ хүнийг халсан тухайгаа өмнө нь ярьсан. Сая тэр хүнийг хорих тухай ярихад Прокурорынхон хамгаалаад сууж байсан. 

Ер нь бол энэ ажиллагааг нуух, үнэнийг тогтоолгохгүй байх ажиллагааг 4-5 прокурор хийж байгаа. Тэдгээр дотор Нийслэлийн прокурор Д.Баярмагнай гэдэг хүн орно. Энэ бүх ажиллагааг Улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат шууд гардаж удирдсан. Тэр гүйцэтгэх ажил, мөрдөх, чагнах, шүүхээр яллах 4 төрлийн ажлыг ахалсан. Эдгээр ажиллагаа 4 давхар шүүлтийн системээр явагдах ёстой. Гэвч байхгүй болгосон байна" хэмээлээ.

Сайд Ц.Нямдоржийн мэдээллийг бүтнээр нь хүргэж байна.