Нийслэлийн Прокурорын Газраас өнөөдөр "Сэтгүүлчдийг чагнаж, тагнасан мэдээллийн мөрөөр шалгалт хийж эхэлсэн" тухай мэдээллийг НПГ-ын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өгсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд бас хариу тайлбар хийв.

Тодруулбал, “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү” гэх гарчигтай нийтлэл бичигджээ. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын их хурлын гишүүн Ц.Нямдорж мэдээлэл өглөө. 

Тэрээр хэлэхдээ "Би тэр худлаа юманд тайлбар өгөөд байлтай биш. Би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Сэтгүүлчийг тагнах, чагнах үүрэг өгөөгүй, хэзээ ч өгөхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. 

Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина" гэв.