Өнгөрсөн жилийн өдийд С.Зориг агсны гэргий Б.Булган Тагнуулын ерөнхий газарт удаа дараа байцаалт өгсөн билээ.

Тухайн үед Б.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид захидал байдаг. Уг захидал саяхан олон нийтэд ил болсон. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

Б.Булган захидалдаа эрүүдэн шүүсэн талаар бичсэн байсан. Мөн 10 сар эрүүдэн шүүх хугацаанд 3 удаа мэдүүлэг өгсөн, энд хоригдож байгаа хүмүүс алуурчид биш гэж хэлсээр 10 сар болсон гэж бичсэн. Тагнуулынхан охинтой нь уулзаж юм тодруулая гэсэн,ингээд охиноор минь оролдож эхлэлээ. Өвөө минь хэлмэгдсэн, намайг шүүсэн, одоо охиноор минь битгий оролдооч гэсэн өргөдөл ирсэн. Эрүүдэн шүүсэн тухайд Б.Булганыг өдөржин ТЕГ-т байцаагаад орой гэртээ ороход 20 орчим масктай залуу баривчилсан байгаа юм. Буцаад ТЕГ-т ирэхэд нь түүнийг байцаасан өрөөнд Амгаланбаатарыг оруулж үнэнээ хэл гэж баахан дарамтлуулсан гэсэн. 

Саяхны бичлэг харж байхад Б.Булганыг эрүүдэн шүүсэн нь тодорхой болж байна. Би тухайн үед тэр өргөдлийг шалгаж байгаа газарт нь явуулаад шалга гэж хэлсэн. Эдгээр эрүүдэн шүүлтүүд зүгээр л нэг мэргэжлийн алдаа биш.  Энэ асуудал дээр хуулийн тоо тоймгүй зөрчил бий. Наад зах нь нэг хэргийн хоёр холбогдогчийг хамтад нь хорьж болдоггүй, ял шийтгүүлсэн хүнийг цагдан хоригдож байгаа хүнтэй хамт байлгаж болдоггүй гэх мэт. Төв аймгийн хорихын подвалийг аль 2001 онд хаачихсан байсан. Гэтэл 2015 онд тусгай өрөө болгон бэлтгэсэн байсан. Бусад газарт хяналттай болохоор зориуд энэ подвалийг урьдчилан бэлтгэж, хаалга хийж, техник суурьлуулж, хүн хүч нэмсэн. Яг ийм байдлаар зохиол бичээд баахан хүмүүсийг зохион байгуулалттайгаар эрүүдэн шүүдэг, эрүүдэх хүмүүсээ бэлддэг. Энэ бол урьдчилж зохион байгуулсан тамлал.