УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар Д.Ганзоригийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигч Д.Ганзоригийн танилцуулга мэдээлийг чуулганы танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийсний дараагаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Нэр дэвшигчийн талаар асуугаад байх зүйл надад алга. Ажлаа сайн хийх байх гэж найдъя. Өргөдлөө өгөөд гарч буй А.Ганбат гэдэг хүн 10-аад жилийн өмнө ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан. Тус албанаас чөлөөлөгдөөд хувийн компанид ажиллаж байгаад дахин ЗХЖШ-ын дарга болоход нь би их гайхаж байсан юм. Дахин томилогдчихоод нэг жил хүрэхгүй хугацаанд буцаад өргөдөл өгчих юм. Томилогдсон шийдвэрт гарын үзсэг зурсан үзэгнийх нь бэх хатаж амжаагүй байхад өргөдлөө өгч буйг юу гэж үзэх юм бэ. Ер бусын их гайхшрал төрүүлж байна. ЗХЖШ-ын дарга гэдэг ингэж тоглоом хийж суудаг албан тушаал биш. Яагаад 10-аад жил гадуур явж байсан хүнийг томилсон юм. Тэр нь яагаад тоглоод байгаа юм. Үүнийг би асууж байна. Одоог хүртэл учрыг нь олохгүй байна. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хөндсөн үү. Цаашид ийм зүйл битгий болоосой" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Хариуд нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан "Өмнөх дарга нь нэлээд хүлээлт үүсгэж сонгогдсон хэрнээ ажлаа аваад 6-7 сар болчихоод чөлөөлөгдөж буй асуудлыг байнгын хороон дээр хөндсөн. Үүнийг нэр дэвшигчид анхааруулж, сануулж өөрийнх нь байр суурийг авсан. Удалгүй ямар нэгэн шалтгаан заагаад ажил хийх боломжгүй гээд өргөдлөө бариад гүйх юм биш биз гэж нэлээд анхааруулж, асуухад нэр дэвшигч шаардлага хангасан хариулт өгсөн. Иймд ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжсэн" гэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Улмаар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Чуулганаар дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч томилно.