"Буянт Ухаа-2" хороололд баригдсан түрээсийн 972 айлын орон сууцанд багш нарыг оруулахыг шаардаж өнөөдөр зарим багш жагсаал хийлээ.

Тэд тус байранд орох эрх буюу 200 квотыг багш нарт олгохыг шаардаж буй аж.

Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны зохицуулагч Ц.Мөнхтуяа "Нийслэлийн хэмжээнд 10.000 гаруй багш байна. Тэдгээрийн 10 гаруй хувь нь орон сууцтайгаас зарим нь ипотекийн зээлтэй. Үлдсэн багш нар нь орон сууцгүй, айлын байр, хашаа байшин түрээслэдэг. Амьдралын түвшин доогуур байгаа. Бид цалин өндөртэй байсан бол энд ингээд жагсахгүй. 500-600 мянган төгрөгийн цалин нь банкны баталгаанд хүрдэггүй учир ипотекийн зээлд хамрагдах боломж алга. Өчнөөн жил ажилласан ахмад багш, залуу багш нарын олонх нь байргүй байна. Тиймээс ядаж 200 багшийн орон байрны асуудлыг шийдэж, түрээсийн орон сууцны квотод оруулж өгөхийг шаардаж байна. Энэ шаардлагыг тавиад долоо хонож байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт шаардлага өгсөн одоог хүртэл хариу өгөөгүй. 

Багш нарын амьдрал маш гундуу байгаа. Бид багш нарын амьдрал сайнгүй байгааг харуулах зорилгоор долоо хоног бүрийн бямба гарагт нэг багшийнд очиж шууд бичлэг /лайв/ хийнэ. Багш нараас судалгаа авсан. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай багш маш цөөн байна" хэмээлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Буянт Ухаа-2 хороололд байрлах түрээсийн 972 айлын орон сууцыг иргэдэд хэрхэн түрээслэх талаарх журмыг хэлэлцэж буй.

"Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг 7 дугаар сарын 22-нд албан ёсоор эхлүүлнэ. Тус 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээс хэлбэрээр буюу худалдан борлуулахгүй түрээслүүлнэ. Мөн 30 хувийг нь 5 жил түрээслэж байгаад өмчлөх хэлбэр рүү оруулна. Үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барихад зориулагдсан газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслүүлнэ гэдэг журмыг боловсруулсан. 

Түрээслээд өмчлөх хэлбэр дээр өрхүүдийн нэг сард төлөх төлбөрийг 1.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолсон. Үүнд сард 600.000-1.000.000 төгрөг төлдөг тогтолцоо руу шилжүүлэхээр журман тусгасан гэдгийг "Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тус журмыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн тохиолдолд батлах юм.