УИХ-ын чуулганаар Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим гишүүдийн зүгээс Кембриджийн сургалттай сургуулиудын тоог нэмэгдүүлэх асуудлаар санал гаргасан. Кембриджийн сургалттай сургуулиудын тоог нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүдийн зарим нь дэмжиж нөгөө хэсэг нь эсэргүүцэж буй. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь ЕБС тэгш, хүртээмжтэй, хэнийг ч алагчлахгүй байх үндсэн зарчимд суурилах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудыг нэмэх эсэх талаар ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, боловсролын чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд, ТББ-уудаас санал авч судалгаа хийлээ.

Маш олон санал ирснээс 50-иас дээш хувь нь олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг нэмэх гэхээс илүү ерөнхий суурь боловсролын хөтөлбөрийг сайжруулах, үндэсний онцлогтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарын цалин, үнэлэмжийг сайжруулах бодлого нь зөв гэж үзсэн байна.

Тухайлбал, 2020.08.21-ний 14:12 минутаас эхлэн боловсрол, ЕБС-ын тэгш хүртээмж, Кембриджийн сургалтын талаар багш нараас санал, хүсэлт авах зорилгоор фэйсбүүкийн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл груп болон өөрийн пейж, хувь аккаунтаар санал авч эхэлсэн дүнгээс харахад миний дэвшүүлсэн Монголын боловсролын тогтоолцоон дахь тэгш бус байдлыг арилгах санаачилгыг фэйсбүүкт маш олон хүн дэмжиж буйгаа илэрхийлжээ. Мөн энэхүү асуудлаар багш нараас, иргэдээс санал, хүсэлт авч байгаад талархсан сэтгэгдлүүд олон байлаа.

Нийт санал, сэтгэгдлийн 69% нь Кембриджийн хөтөлбөр, сургуулиудыг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, Монголын суурь боловсролыг илүү сайжруулах, багш нарыг илүү чадавхжуулах, шилдэг судлаач, эрдэмтдээр бүрдсэн баг бүрдүүлж өөрсдийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй гэх мэтчилэн дотоод боловсон хүчин, нөөц бололцоо, хүчээ ашиглах хэрэгтэй хэмээн үзсэн саналууд байлаа.

Харин 31% нь Кембриджийн хөтөлбөрийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэлхийд боловсролтой хөл зэрэгцэн алхах хэрэгтэй. Төрийн өмчит Кембриджийн сургуулиудад жирийн иргэний хүүхдийг алагчладаггүй, томчуудын хүүхэд сурдаг гэсэн өрөөсгөл ойлголт байж болохгүй хэмээн тус тус санал сэтгэгдлээ үлдээсэн байв.

Ерөнхийдөө Кембриджийн хөтөлбөр гэхээсээ илүүтэй одоо байгаа Монголын боловсролын систем, хөтөлбөр, чанарыг сайжруулж, багш нарыг нийгмийн баталгаагаар хангаж, цалин хөлсийг нэн тэргүүнд нэмэгдүүлж, амьдрах, ажиллах боломжоор хангах хэрэгтэй гэж үзсэн хүмүүс олонх байлаа.

Энэ талаар болон боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БСШУСБХ-ны хуралдаанд байр сууриа илэрхийллээ.

Төрөөс баримтлах боловсролын бодлого нь хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй байх, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэх ёстой.