Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар нийслэлийн холбогдох албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон 18 өрхийн 40 хүн ханджээ. Тэдгээрийн 16 нь хүүхэд, 24 нь том хүн аж. Мөн энэ сарын 18-24-ны өдрүүдийн байдлаар нийслэлийн агаарын бохирдлын РМ10 болон РМ2.5 тоосонцорын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 50-60 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг албанынхан онцлов. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Өнгөрсөн ням гарагт Нийслэлийн онцгой комисс хуралдсан. Тус хуралдаанаар хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний талаарх өмнө нь явуулж байсан зөвлөмж мэдээллээ дахин хүргэх үүрэг өгсөн. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд биднээс өгөх зөвлөмж мэдээллийг нийгмийн хариуцлага, иргэдийн эрүүл мэндийн хүрээнд дахин гаргаж өгөхийг хүсэж байна.

Өмнө нь айлууд түүхий нүүрсийг гэрийнхээ ойрхон байдаг цэг болон дэлгүүрүүдээс авдаг байсан. Одоо сайжруулсан шахмал түлш авах борлуулалтын цэгүүд хол байна. Хүүхэд, ахмадууд авч чадахгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн.

Тодруулбал, түлш борлуулах цэгээс хол, өндөрлөг газарт байршиж буй гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг хүргэж өгөхөөр болсон. Бэлтгэл ажлыг хангаад, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь хогийн машин айлуудын хашааны хаалгаар явж хог ачдаг байсан шиг түлшээ хүргээд явчихна" хэмээн мэдээллээ.