Хатуу хөл хорио тогтоосны зорилго, коронавирусийн эсрэг вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Карантин 14" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьснаас онцлон хүргэж байна.

- 5, 5-аараа хол явж агаар салхинд гарч болно гэдэг шийдвэр гаргаагүй. Дулааны улирал эхэлж буй учир гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд цөөн хүн хоорондын зайгаа бариад агаарлаж болно. 

- Нийт халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь ажил дээрээ, 30 хувь нь гэр бүлийнхэндээ тарааж байна.

Хөл хорио тогтоосон шалтгаан нь өдөрт илрэх халдварын тоо өмнөхөөсөө 2-3 дахин нэмэгдсэн. Хүн хоорондын хөдөлгөөн нэмэгдэж буй учир халдвар хурдтай тархаж байна. Өдөрт 800 хүнээс халдвар илрэхэд 1 нь цааш 4-5 хүнд халдвар тараах эсрдэлтэй. Тэгэхээр өдөрт тэднээс халдвар авсан 3200 хүн Улаанбаатарын хаа сайгүй явна гэвэл халдварын тоо илүү олон болно. Тиймээс иргэдийг гэрт нь байлгаж, ойрын хүмүүсийг тандаж байна. Хоногт ийм ойрын хавьтлын 10.000 хүнээс шинжилгээ авахад өнөөдөр 1200 гаруй хүнээс халдвар илэрлээ. Тархвар судлаачдын үзэж буйгаар энэ тоо 10 хоногийн дараагаас буурах үзүүлэлттэй байна. 

Бид хатуу хөл хорионы үед вакцинжуулалтыг 2-3 дахин эрчимжүүлнэ гэж төлөвлөсөн. Гэвч биднээс үл хамааран төлөвлөгөөнд өөрчлөлт гарч, 4 дүгээр сарын 09, 12-нд ирэх байсан нийт 600.000 тун вакцины ирэх хугацаа үйлдвэрээс хамаарч хойшилсон. Гэхдээ хөл хорионы хугацаанд амжиж ирнэ. 

Тиймээс хөл хориогоо үр дүнтэй хийгээд 4 дүгээр сарын 25-наас өдөрт вакцинжуулах хүний тоог 2-3 дахин нэмэхээр ажиллаж байна.

- Хятадын Синофарм компанийн вакцины эхний тунг хийснээс хойш 21-56 хоногийн дотор дараагийн тунг тарьж болно гэдгийг тус улсын Засгийн газраас гуравдугаар сарын 29-нд албан ёсоор мэдэгдсэн. Иймд эхний тунгаа хийлгээд 28 хоног өнгөрчихсөн учир үр дүнгүй боллоо гэж санаа зовох шаардлагагүй.

- ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин авахаар гэрээ хийсэн. Дээрээс нь хүмүүнлэгийн тусламжаар ОХУ манай улсад 300.000 тун вакцин бэлэглэнэ гэдгээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад албан ёсоор мэдэгдсэн.