Коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "PCR шинжилгээг 3 хоног тутам өгөх үү гэсэн ойлголтын зөрүү өчигдөр гарсан. Мэдээж үгүй. А.Амбасэлмаа докторын хэлснээр өмнө нь гадаадаас буюу голомт болсон улсаас иргэдээ авчрахдаа 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэсэн журмыг мөрдөж байсан. Мөн 11 дүгээр сард PCR шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор иргэдийг орон нутаг руу явуулж байсан. Энэ бол онол талаасаа.

Одоогийн нөхцөл байдал нэг зүйлээрээ ялгаатай. Хоёрдугаар сарын 08-10-ны хооронд төрийн захиргааны 808 байгууллагын 62.646 төрийн албан хаагчаас PCR шинжилгээ авсан. Учир нь хатуу хөл хорионы үед тэд олон нийттэй харьцана. Бүгдээс нь халдвар илрээгүй. Энэ сарын 11-нээс хойш хөл хөдөлгөөнийг 97 хувь хүртэл хязгаарласан.

Тиймээс иргэд хөдөлгөөнд оролцохгүй, бусадтай хавьтал болохгүй байгаа учраас PCR шинжилгээнд хамрагдсан өрхийн иргэн 3 ч юмуу, 7 ч юмуу хоногийн дараа дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. 

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Дүүргүүдийн онцгой комисс өдөр бүр 16:00 цагт Төрийн ордонд хуралдаж байгаа. Улсын онцгой комисст бусад онцгой комисс хамрагддаг ч өдөр бүр, тус тусдаа олон асуудлаар хуралддаг учраас ойлголтын зөрүү гарч байсан. Иймд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өдөр бүр хуралдаж байна. Энэ нь ойлголтын зөрүү гаргахгүй байх, мэдээлэл шат шатандаа зөрүүтэй очихгүй байх талаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм.

Ажиллаж буй 14 байгууллагын ажилчид өрхийнх нь нэг гишүүн PCR-ын шинжилгээ өгсөн бол түүнийгээ харуулаад хөдөлгөөнд оролцож болно. Эхнэр нь шинжилгээ өгчихсөн бол нөхөр нь давхар өгөхгүй.

Эмнэлгийн үйлчилгээ авах, орон нутаг руу зайлшгүй явах, оршуулгын ажилд орох иргэд Шинжилгээний дурын цэгт PCR шинжилгээ өгөөд дээрх үйл ажиллагаануудад оролцохыг зөвшөөрч байгаа" хэмээлээ.