Монголын “Ньюком” групп, Японы “Эс Би энержи” корпорацын хамтарсан хөрөнгө оруулалттай “Клин энержи Ази” компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьсан “Цэций” салхин цахилгаан станцын нээлт өнөөдөр болно. 25 ширхэг салхин сэнснээс бүрдэх уг цахилгаан станц жилд 50 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэхүү төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Японы Олон улсын хөгжлийн агентлагийн (ЖАЙКА) зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

“Цэций” салхин цахилгаан станц Улаанбаатараас өмнө зүгт 542, Цогтцэций сумын төвөөс 22 км зайд байрладаг. Цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ 34 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Тавантолгойн дэд станцад нийлүүлэх гэнэ. Дашрамд дурдахад Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна.