Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн хоёр настнуудын элсэлт цахим хэлбэрээр явагдаж дууссан билээ. Харин цахимаар нэр нь тодорч эрхээ авсан хүүхдүүдийн ээж аавууд квотоо бусдад зарсан тухай мэдээлэл Нийслэлийн Боловсролын газарт ирэх болжээ.
Тухайлбал ах дүү хамаатан садан гэх нэрийдлээр харъяа дүүрэг хороодын цэцэрлэгт хүүхдийнхээ нэрийг солиулах хүсэлт гаргасан байна.Үүнийг Нийслэлийн Боловсролын газрын бодлого зохицуулалтын хэлтэс хариуцсан дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад “Цэцэрлэгийн квотыг авсан ч хүүхдийг анх бүртгүүлсэн регистрээр л цэцэрлэгт оруулах учраас солих боломжгүй” гэлээ. Мөн цахим бүртгэлд хүүхдийнх нь нэр тодорсон эцэг эхчүүд бүртгүүлэхгүй тохиолдол байгаа ажээ. Энэ орон тоог цэцэрлэг ирэх сарын дөрвөн хүртэл хадгалах юм байна.