Шинэ коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр болсон. Гэхдээ 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар бус уламжлал аргаар зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 8 дугаар сарын 03-нд эхлэх байсан цэцэрлэгийн цахим бүртгэл цуцлагдаж байна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр "Цэцэрлэгийн цахим бүртгэлийг 2017 оноос эхлэн гурван жил дараалан амжилттай зохион байгуулсан. Энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, гэрийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Цахим элсэлт нь хоёр настай хүүхдүүдийн эцэг эхэд төөрөгдөл үүсгэж болзошгүй" хэмээн мэдээллээ.

Иймд:

- Цэцэрлэгт шинээр элсэх 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд

- Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулагдана.