2018-2019 оны хичээлийн жилд шинээр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг энэ сарын 25-наас эхлэн цахимаар бүртгэхээр болжээ.

Тодруулбал, энэ сарын 25 буюу ирэх долоо хоногийн мягмар гарагаас  https://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэх юм.

Эцэг, эхчүүд тухайн цахим системд бүртгүүлэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх ба дараа таны гар утсанд бүртгэлийн тусгай дугаар мессэжээр ирэх аж. Ингэснээр таны хүүхэд тус цэцэрлэгт элсэн орох эрх нээгдэж буй юм. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна.

Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэх үүргийг цэцэрлэгийн удирдлагуудад Нийслэлийн боловсролын газраас даалгажээ.

Цэцэрлэгт шинээр орох буюу 2015 онд төрсөн хүүхдүүдийг л цахимаар бүртгэх бөгөөд анги дэвших хүүхдүүдийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд цэцэрлэг тус бүр дээр нь бүртгэх аж.